ОХУ–ын Барнаул хотод болсон “На языке дружбы” сэдэвт олон улсын оюутны фестивальд Ховд их сургуулийн оюутнууд уламжлалт соёл, үндэсний хувцсаа сурталчилж, урлагийн төрөлд авхаалж самбаагаа сорьжээ.
“На языке дружбы” сэдэвт Олон улсын оюутны фестиваль нь 9 дэх жилдээ зохион байгуулагдаж тус фестивальд Хятад, Вьетнам, Тажикстан, Афганистан, Узбекистан, Итали, Египет, Зимбабве, Эфиопи, Мали, Зямби, Энэтхэг, Кот-д’Ивуара, Таиланд, Индонез, Жибути, Марокко, Шри-Ланк, Монгол зэрэг орны 200 гаруй оюутан залуус оролцлоо.
Ховд Их Сургуулийн оюутнууд эрдэм шинжилгээний хуралд өгөгдсөн сэдвийн хүрээнд нийцүүлэн монгол ардын шагай наадгай, үндэсний хөгжим, даахь үргээх ёслолын онцлог, ардын бий биелгээнд үндэстний менталитет илрэх нь, оросоос монгол хэл рүү тодотгол гишүүн өгүүлбэрийн орчуулгын асуудлыг хөндсөн судалгааны ач холбогдол бүхий илтгэлүүд хэлэлцүүлсэн нь бусад орноос оролцож буй оюутан судлаачдын сонирхлыг татаж хэлэлцүүлэг өрнүүлсэн, үр дүнтэй илтгэлүүд болсныг зохион байгуулагчид сайшаасан байна.
Мөн энэ үеэр өөрийн орны соёл, зан заншлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сургууль сурталчлах үйл ажиллагааг тус сургуульд болон Барнаул хотноо суралцаж буй монгол оюутан залуусын хамт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд зориулан ХИС-ийн оюутны баг үндэстний хувцас, үндэсний тоглоом наадгай, монгол ёс заншлыг илтгэх бусад зүйлийг дэлгэн үзүүлсэн нь зочдын сонирхлыг ихэд татаж , оролцсон нийт тэмцээн уралдаануудад авхаалж самбаа, орос хэлний ярианы чадвараараа ялгарч санаачилгатай оролцжээ.