“Хар ус нуур орчмын шувууд”-ын тухай шинэ ном гарчээ

Зураг

Хар ус нуурын цогцолборт газрын 20 жил, Дэлхийн байгаль хамгаалах сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойд зориулан “Хар ус нуур орчмын шувууд” шинэ ном гарын авлага байгаль хамгаалах салбарын мэргэжилтэн, судлаачид гаргасан байна.

Хар ус нуур нь Монгол орны баруун хойд хэсэгт Их нууруудын хотгорт орших ба 1,153 километр квадрат талбайтай, 72 километр урт, 25 километр өргөнтэй Монгол орны томоохон нууруудын нэг юм.
Хар ус нуур орчмын газар нутаг нь ховор ховордсон амьтадын байршил, эх газрын цэнгэг устай нуурууд, говь, цөл хээр тал, Монгол Алтай мөнх цаст ян сарьдаг уулсыг багтаасан өвөрмөц нутаг юм. Ус намгийн шувуудын амьдардаг орчинг бүрдүүлэх, нууруудын эргэн тойрны элс, шагшуургыг хамгаалах, Төв Азийн ус намгийн хамгийн том төлөөлөгч, экологийн өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор 1997 онд УИХ-ын 47 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар энэ нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ.
Байгалийн цогцолборт газрын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3,688 м өндөр өргөгдсөн, Их буурал уул /Жаргалант хайрхан уул/ бол хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 1,139,4 м өргөгдсөн Жанжин овоо юм. Нийт талбай нь 850,000 га бүхий тус байгалийн цогцолборт газар нь Ховд аймгийн Манхан, Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань сумдын нутгийг дамнан оршдог. Тус цогцолбор  газар нь олон янзын амьдрах орчноос тогтох ба үүнийг дагаад олон төрөл зүйлийн шувуудтай. Нийт 280 орчим зүйлийн шувуу тус цогцолбор газарт бүртгэгдээд байна. Үүнд борцгор хотон, цагаан толгойт ямаан сүүлт, реликт цахлай, усны нөмрөг бүргэд, өгөөлэй шулганаа гэх мэт дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд ховордсон олон зүйлийн шувууд тархан нутагладаг.
Энэхүү ном гарын авлагад тус байгалийн цогцолбор газарт суурин амьдардаг, нүүдэллэн ирж, өндөглөн зусдаг, нүүдлийн үедээ дайран өнгөрдөг, зарим нь өвөлждөг нийт 196 зүйлийн шувуудын таних шинж, тархац ба амьдрах орчин, идэш тэжээл, Монгол Улсын шувууны улаан данс болон Монгол Улсын улаан номны статусыг гэрэл зургийн хамт эмхэтгэн оруулсан байна.
 
                                                                                                                                   А.Бямбасүрэн
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ