Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл хуралдав



Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл энэ оны 4 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хурлын өрөөнд хуралдав. Хуралд МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямбасүрэн болон аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчдээс бүрдсэн 20 орчим хүн оролцлоо. Хурлын үеэр МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямбасүрэн: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран "Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Эрдэнэт хотноо энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Орон нутгийн сэтгүүлчдийн форумд Ховд аймгаас 5 сэтгүүлч амжилттай оролцсон юм. Форумын үеэр "Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө" үзэл санаанд тулгуурлан Олон улсын байгууллага болон төрийн байгууллагад төсөл бичих, Маркетингийн төлөвлөгөө боловсруулах тухай болон Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудлын талаар, зураглаач, эвлүүлэгч, дизайнер, сайтын админ, фм радиогийн хөтлөгч найруулагчийн төрөлжсөн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагджээ. Энэ хүрээнд форумд оролцсон Ховдын сэтгүүлчид шинэ мэдлэг, туршлагаасаа хуваалцсан юм.

Түүнчлэн МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн сэтгүүлчид хамтран олон улсын байгууллагад төсөл хөтөлбөр бичих талаар ярилцаж, төсөл бичих, боловсруулах багийн гишүүдийг сонгов. Мөн орон нутгийнхны дунд түгээмэл давтагдаж, он удаан жил санхүүгийн хямралтай явж ирсэн сэтгүүлчид санхүүжилтээ нэмэгдүүлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах баг бүрдүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийн нийгмийн асуудлын талаар судалгаа хийсний үндсэн дээр судалгаанд тулгуурласан цогц бодлого гаргаж хэрэгжүүлэх, Сэтгүүлчдийг орон сууцжуулах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 1000 сэтгүүлчийн орон сууцны хотхон байгуулахаар болж, орон нутагтаа газраа сонгон бэлдэх талаар чиглэл өгсөн байна. Тиймээс сэтгүүлчид аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, газраа сонгож орон нутгийн удирдлагуудад уламжлахаар болов.

Хурлын үр дүнд аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагууд байнгын эргэх холбоотой ажиллахаар болж, МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид болон гишүүн сэтгүүлчид сар бүр татвараа тогтмол төлж байх, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай, хариуцлагатай оролцох талаар санал нэгдсэн юм.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ