Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан
“Монгол ур чадвар-2018” цахилгааны мэргэжлийн уралдаан Дархан-Уул аймагт энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. Энэхүү уралдаанд 10 аймаг, Улаанбаатар хотоос 6, Дархан-Уул аймгаас 3, Дорнод аймгаас 2, Завхан аймгаас 2, нийт 23 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 23 оюутан мэдлэг чадвараараа өрсөлдсөн байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын цахилгааны мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дунд зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь цахилгааны ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлэх хэвшүүлэх, залуу цахилгаанчид харилцан туршлага солилцох, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулахад томоохон нөлөө үзүүлдэг ач холбогдолтой юм. "Монгол ур чадвар-2018" цахилгааны мэргэжлийн уралдаанд Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нь анх удаагаа оролцож багш Э.Ариунболдын бэлтгэсэн цахилгааны 1 жилийн ангийн суралцагч Б.Үүрийнцолмон 2-р байр эзэлсэн байна. Ингэсэнээр 2-р шатны шалгаруулалтанд оролцох эрхээ авсан бөгөөд тус шатанд шалгарсан сурагч нь ОХУ-ын Казаньд зохион байгуулагдах "Дэлхийн ур чадвар-2019" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм.
Дашрамд сонордуулахад Ховд Хөгжил Политехникийн цахилгааны багш Э.Ариунболд нь 2017 оны Баруун бүсийн багш нарын ур чадварын уралдааны тэргүүн байрын шагналт багш юм.