ХИС-ийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Математик, мэдээлэл зүйн тэнхимийн багш, доктор Д.Өнөрнасан Энэтхэгийн Засгийн газрын ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцэж, Энэтхэгийн Тамилнаду мужийн Ченнай хотноо Техникийн багш нарын сургалт, судалгааны үндэсний институтэд (www.itec.goi.in) 2 сарын хугацаанд
“Боловсрол ба сургалт дахь мэдээлэл харилцаа технологи” сэдэвт ахисан шатны сургалтад хамрагдаад ирлээ. Тус сургалтад Ази, Африкийн 18 орны их, дээд сургуулийн багш, төрийн ажилтан, боловсролын мэргэжилтэн 28 төлөөлөгч хамрагдсан байна.
Үндсэн сургалтаас гадна Юнескогийн “Боловсрол дахь мэдээлэл харилцаа технологи” сэдэвт онлайн сургалт, Энэтхэгийн мэдээллийн технологийн академийн “Bridge 2018” арга хэмжээ, “Accreditation and Gender sensitivity in TVET systems” сэдэвт олон улсын семинар, Шинжлэх ухаан, техник, эрүүл мэндийн мэдээлэл, аналитикийн дэлхийн тэргүүлэгч компани Elsevier (www.elsevier.com)-ээс зохион байгуулсан “Science direct” сэдэвт их семинаруудад оролцжээ.
Мөн их, дээд сургуулийн туршлага судлах ажлын хүрээнд суралцаж буй институт, Энэтхэгийн тэргүүлэгч их сургуулиудын төлөөлөл Pondicherry (www.pondiuni.edu.in), Anna (www.annauniv.edu) болон Crescent их сургууль (http://crescent.education), Энэтхэгийн инженерийн чиглэлд 1-рт эрэмбэлэгдсэн Мадрасын технологийн институт (www.iitm.ac.in)-д зочилж, зарим алба нэгж, тэнхимийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Д.Өнөрнасан докторын сургалтын хугацаанд тус хүрээлэн дээр Монгол улсын боловсрол, МХТ, Боловсролд МХТ хэрхэн нэвтрүүлж буй талаар болон “Монголын их сургуулиудын сургалтын удирдлагын системийн хүрээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, өөрийн судалгааны чиглэлийн зарим эрдэмтэн судлаачидтай харилцаа тогтоож, хамтран ажиллахаар тогтсон байна.