Ховд аймаг нь 87 мянга гаруй хүн амтайгаас нийт хүн амын 40 гаруй мянга буюу 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 19 мянга буюу 43.2 хувийг төрөх насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэдний дунд өвчлөл, жирэмсэн үеийн эрсдэлүүд өндөр гардаг байна. Тухайлбал, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 12.23 хувийг амьдрах боломжгүй төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаант нас баралт эзэлж, амьд төрсөн хүүхдэд бүртгэгдэх гажгийн тохиолдол жил бүр нэмэгдсээр байна. Тиймээс эх хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ чухал байгааг үндэслэн БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч Б.Нансалмаа, н.Гэрэлсүрэн нар санаачлан 3D, 4D хэт авиан эхо аппараттай эх барих, эмэгтэйчүүдийн “Ховд Мед” хувийн эмнэлгийг байгуулан нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. “Ховд Мед” эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал болон эмч мэргэжилтнүүд, ахмад эмч нарын төлөөлөл, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд, ангийн хамт олон, ард иргэд оролцож эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
"Ховд Мед" эмнэлэг нь жирэмсэн эхчүүдийн үзлэг, хяналт, ургийн эрт оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, ургийн гажгаас сэргийлэх тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр үйлчилгээ явуулах юм.
ВИДЕО: