С.БЯМБАЦОГТ: НАМУУД ХӨГЖЛИЙН ТУШАА БИШ ХӨТӨЧ НЬ БАЙХ УЧИРТАЙ

Related image

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Та ажлын хэсгийг нь ахалж байгаа. Энэ төсөлд ямар заалтуудыг илүү тодорхой болгохоор тусгаж байна вэ?

-Бид ардчилсан нийгэмд шилжээд бараг хагас жаран болж байна. Өнгөрсөн хугацаанд сайн ч муу ч улс төрийн намууд л улс орныхоо хөгжлийн чигийг зааж, хүн ардынхаа хүсэл зоригийг ямар нэг хэмжээгээр илэрхийлж, бас биелүүлж ирсэн. Гэхдээ ямар ч зүйл шинэчлэгдэж байж, илүү дэвшин дээшилж байж цаг үетэйгээ хөл нийлдэг жамтай. Тэгвэл улс төрийн намуудын тухайд зүгээр нэг цаг үетэйгээ хөл нийлэх нь хангалттай биш. Харин ч урд нь алхаж, хөтөлж явах чиг үүрэгтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ үүргээ биелүүлж чадаж байна уу ? гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Шуудхан хэлье. Өнөөдөр намууд энэ янзаараа яваад байж болохгүй гэдэг дохио нийгэмд хэдийнэ асчихсан. Намууд улс орныхоо хөгжилд тушаа биш хөтөч нь байх учиртай. Намууд шинэчлэгдэхгүйгээр, төлөвшихгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй гэдэг нь батлагдчихлаа. Намууд бахь байдгаараа байх тусам олон нийтийн дунд нэр хүндээ алдаж байна. Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл алдарч байна. Энэ нь өөрөө тун хортой. Ийм янзаар удах юм бол хүмүүс ардчиллаас ухарч дарангуйллыг сонгож ч мэднэ.Тэгэхээр хамгийн зөв гарц бол намууд эмгэг өвчин, ээдрээ гацаанаасаа салж, сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар богино зайд уралддаг биш бодлогоор өрсөлддөг болох явдал юм. Харин тийм боломжийг нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл бий болгоно. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт "Парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох" гэсэн тов тодорхой зорилт тусгагдсан. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах манай ажлын хэсэг байгуулагдсан. Улс төрийн намуудад байгаа эмгэгийг эмчлэх, хэн нэгний, хэсэг бүлгийн богцны нам биш бодлогын намууд болж өөрчлөгдөх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд бид анхаарч байна.      

-Ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа анх нам нь парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаарч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг байхаар заалт тусгасан гэсэн. Гэвч эдийн засаг хүнд нөхцөлд бүх намууд төрөөс 100 хувь санхүүжих нь эргээд төсөвт дарамт болно гээд сонгуульд үзүүлсэн амжилтаараа санхүүждэг байх нь илүү оновчтой гэж үзсэн гэсэн мэдээлэл байна?

- Улс төрийн намын санхүүжилт өөрөө их эмзэг асуудал. Өнөөдөр өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн насаараа тэр намд зүтгэсэн хүн хаяанд нь сууж байхад хөрөнгө бэлтэй хүн хаалгаар нь биш тооноор нь орж, хатавчинд нь биш хойморт нь гараад заларчихдаг гажуудал гаарсан. Энэ нь эргээд улс төрийн намынхаа бодлого, үйл ажиллагаанд сэв суулгаж байна. Нам дамнасан бүлэглэл гээчийг бий болгож байна. Нам иргэд сонгогчиддоо биш эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилдэг гажиг тогтолцоо руу түлхэж байна. "Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг" гэдэг шиг хандив нэрээр намыг халаасандаа оруулсан нөхдүүд улс төрийн намыг утсан хүүхэлдэйгээ болгодог гажуудал руу аваачиж байна. Үүнээс болж ихэнх нам бодлогын нам биш "босс"-ын нам болж улс орныхоо хөгжлөөс улдан чангаах боллоо. Улс төрийн нам тогтвортой үйл ажиллагаа явуулахад мэдээж хэрэг мөнгө санхүү ус агаар шиг хэрэгтэй. Тэр тусмаа гишүүд дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх, сонгуульд ялалт байгуулж засгийн эрх авах үндсэн зорилгодоо хүрэхэд тухайн намын санхүүгийн чадавхи чухал үүрэг гүйцэтгэж таарна. Үүнээс болж хууль бус санхүүжилт төвлөрүүлэх эрсдэлд орох аюул цаана нь сүүдэр шиг дагадаг. Үүнийг хязгаарлахгүй бол улс төрийн намаар дамжиж мөнгө угаах, авлига албан тушаалын гэмт хэрэг газар авах, цаашлаад бизнесийн орчин бохирдох аюул нүүрлэж байна. Намын санхүүжилт нууц далд байх тусмаа хэн нэг хөрөнгө оруулагчаас хэт хараат болох уршигтай. Яахав өнөөдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар намууд гишүүний татвар, хандив төдийгөөр санхүүгийн асуудлаа зохицуулж байгаа. Намд зориулжнэг удаа өгөх хандивын дээд хэмжээг хуулийн этгээд 10 сая, иргэд 1 сая гэж гэж хязгаарлаж өгсөн ч хуулийн энэ заалт ягштал мөрдөгдөж байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй. Намын санхүүжилт шударга бус байхад төрд шударга ёс тогтоох тухай ярих нь утгагүй хэрэг болно. Би л хувьдаа улс төрийн нам эсэн бусын компани, хуулийн этгээдээс, хувь хүнээс ил далд хандив дэмжлэг авахыг эрс эсэргүүцдэг. Үүнээс болж төрийн төлөө, түмний төлөө зүтгэх ёстой нам үндсэн зорилгоо умартаж өрийн барьцаа, өглөгийн төлөөсөнд баглагдах аюултай гэж үздэг. Тийм болохоор улс төрийн намуудад сонгуульд үзүүлсэн амжилт, авсан суудал, иргэд сонгогчид тэдэнд итгэж өгсөн саналынх нь хэмжээгээр төр тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байх зарчмаа хадгалах нь зөв гэж харж байгаа. Аливаа намын санхүүжилт ил тод, шилэн байх ёстой. Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилт шилэн, ил тод, нээлттэй байх шаардлагыг суулгаж өгч байгаа. Ингэж байж намуудын үйл ажиллагаа зөв тунгалаг болно. Намуудын санхүүжилт олон түмний нүдэн дээр ил байвал элдэв асуудалд орооцолдохгүй. Хэн нэгний хэтийдсэн хандивын ачийг хариулах гэж нам өөрийгөө зольж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, төсвийн хөрөнгийг түүнд найр тавьдаг байж таарахгүй. Өнөөдөр Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Улс төрийн бүх намыг төр санхүүжүүлнэ гэвэл бас дахиад л буруу болно. Бараг толгойтой болгон ТҮЦ-тэй болж байсан шиг жалгын нэг нам байгуулах гээд зүтгэж мэднэ. Тэгэхээр улс төрийн нам сонгуулиар хэчнээн хүний дэмжлэг хүлээв, иргэд сонгогчдын хэдэн хувь нь тухайн намд саналаа өгөв гэдгээр нь эрэмбэ шалгуур тогтоож санхүүжүүлэх нь зөв. Хуулийн төслийн үзэл баримтлал ч энэ чигт чиглэж байгаа.

-Улс төрийн намууд гишүүдийн татвар, дэмжлэг, төрөөс суудлынхаа тоогоор мөнгө авдаг. Гэсэн ч ил далд хэлбэрээр бизнесийнхнээс хандив нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авдаг нь нууц биш. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар нам бизнесийнхнээс ангид байж чадах уу?

-Би харин яг наадахыг чинь л яриад байна. Намын гишүүдийн татвар гэж авдаг ч тэр нь намуудын хувьд санхүүжилтийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэж чаддаггүй нь нууц биш. Өнөөдөр УИХ-д суудал бүхий намд авсан суудлынх нь тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож улсын төсвөөс санхүүжилт олгож байгаа. Парламентад суудалгүй намуудын тухайд төрөөс ямар ч санхүүгийн дэмжлэг байхгүй. Энэ нь эргээд улс төрийн нам цөөн этгээдээс томоохон санхүүжилт авах, үүнээс болж өнөөдүүл нь улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өргөн олонд биш өөрт ашигтай давуу байдлыг бий болгох сөрөг талтай байгаа юм. Тэгэхээр улс төрөөс бизнесийг салгах гол учиг нь намуудын санхүүжилтийг шилэн болгох, түүнийг хянах тогтолцоог илүү сайжруулахад байна гэдэг нь харагдаж байгаа биз.

-Одоогийн хуулиар намыг бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын Дээд Шүүх, санхүүд нь хяналт тавих асуудлыг Аудитын газар хариуцдаг. Харин шинэчилсэн найруулгаар намыг бүртгэх, татан буулгах, санхүүд нь тавих хяналтыг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх боломжтой гэх юм. Хуульд ямар байдлаар тусч байгаа вэ?

-Өнөөдөр хуулиараа улс төрийн намыг Улсын Дээд Шүүхэд бүртгэж байгаа. Намуудыг бүртгэхдээ уг нь үзэл баримтлал, Мөрийн хөтөлбөр, намын дүрмийг нь үндэслэл болгож бүртгэх учиртай. Гэтэл өнөөдөр МАН-аас өөр Улсын Дээд Шүүхэд намынхаа үзэл баримтлал, Мөрийн хөтөлбөрийг бүртгүүлсэн нэг ч нам алга. Нам бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын Дээд Шүүхэд, санхүүжилтийг нь хянах ажлыг аудитад, сонгуульд оролцох үйл ажиллагааг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хариуцуулахаар ёстой нөгөө "далан задгай жаран хагархай" гээч нь болчихоод байна. Улс төрийн намд тооцох хариуцлага эзэнгүйдэн тарамдаж байна. Өнөөдөр зарим нам ямар ч тодорхой үзэл баримтлалгүй ороо бусгаа байдалтай явж ирлээ. Үзэл баримтлалтай зарим нам нь түүнээсээ хадуурч давхидаг хачин үзэгдэл ганц Монголд л байна. Барууны либерал үзэл баримтлалтай нам зүүний намын бодлого үйл ажиллагаа явуулж, зүүний нам шиг амлалт өгөөд явж байх жишээтэй. Энэ бүхнийг цэгцлэх, хариуцлагажуулах, хяналт тавих эзэн байхгүй байгаа учраас намууд дуртай бүхнээ ярьж, харсан зүг рүүгээ хазайж байна. Тиймээс бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр энэ асуудлыг нэг мөр цэгцлэхээр зорьж байна. Улс төрийн намыг бүртгэх, татан буулгах асуудлыг сонгуулийг гардан зохион байгуулдаг Сонгуулийн Ерөнхий Хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж хуулийн төслийн үзэл баримтлалд суулгаж өгсөн. Намуудын санхүүжилтэд хяналт тавих асуудлыг ч Сонгуулийн Ерөнхий Хороо хариуцахаар зохицуулж байна. Тэгж байж намуудын нэр хүнд бүтэн, хариуцлага бүрэн болно. Ингэхгүй болохоор Сонгуулийн Ерөнхий Хороо намуудын хамаг булхайг мэдэж байсан ч хариуцлага тооцох ямар ч чадамжгүй "шүдгүй арслан" болчихоод байгаа юм.Өнөөдөр намын санхүүжилтэд хяналт тавих асуудал Улс төрийн намын тухай хуулиартухайн намын "хяналтын байгууллага"-д байгаа. Намын бүтцийн байгууллага нь өөрийнхөө намын санхүүжилтийг хянаад онош тавьж хариуцлага тооцно гэж юу байх вэ дээ. Мөн санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байх маш чухал заалт байдаг хэдий ч амьдрал дээр амь орж хэрэгжихгүй өдий хүрсэн байх жишээтэй. Тиймээсүүнийг өөрчилж улс төрийн намуудын хариуцлагыгнэмэгдүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Намууд үзэл баримтлалдаа үнэнч байх хариуцлагыг дээшлүүлэхэд хуулийн шинэчлэл чиглэгдэж байна.

-Ер нь хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлдөө бусад намуудын саналыг хэр тусгаж байгаа вэ. Бусад намуудаас ямар саналуудыг хэлж байгаа юм бол?

-Удахгүй улс төрийн бүх намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө эрдэмтэн судлаачид болон олон нийтийн дунд хэд хэдэн өргөтгөсөн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байгаа.  Тэр бүхнээс гарсан үнэтэй санал зөвлөмж бүхнийг тусгаж, нарийн шүүлтүүрээр тунгааж байж чамбай сайн хууль гаргахыг л хичээж байна. Мэдээж хэрэг том бага гэлтгүй намууд өөр өөрийн байр сууриа энэ хуулийн үзэл баримтлал, зүйл заалтад суулгахаар чармайж байгаа. "Тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй" гэгчээр манай ажлын хэсэг бүх намуудаас саналыг нь авч,гарсан санал бүрийг нарийн судалж, асуудалд авах гээхийн ухаанаар хандаж байна. Манай дархан түшээ Д.Лүндээжанцан "Улс төрийн намуудаар дамжиж төр төлөвшдөг учраас намуудын хүчийг бууруулж болохгүй. Тэгвэл улс орны эв нэгдэлд хохирол учруулж төрийг хүчгүйдүүлэх болно" гэж нэгэнтээ хэлж байсан удаатай. Тийм болохоор улс төрийн намуудаас гаргасан санал бүхэнд ул суурьтай хандаж байна.   


-Гурван сая хүнтэй улсад одоогоор Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Намууд нь төгөлдөршихгүй байхад шинэ намууд мэндэлсээр байна л даа. Намуудыг хэрхэн хариуцлагажуулахаар төсөлд туссан бэ?

-Үнэн. Өнөөдөр Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Харин тэдний 3 нь л энэ парламентад суудал авсан. Намуудыг хариуцлагажуулах гэхээс илүү намууд өөрсдөө хариуцлагатай байх гэдэг асуудал яах аргагүй тулгамдаж байна. Би түрүүн хэлсэн. Намуудын санхүүжилт ил тод болоод ирэхээр дагаад үйл ажиллагаа нь ил тод болно. Мөн чанарынхаа хувьд "компаний нам", "хувь хүний нам" гэгч байхгүй болж бодлогын намууд бий болно. Олон түмэн ч өөрсдөд нь ил тод байгаа зүйлээс сонголтоо зөв хийх боломж бүрдэнэ. "Угжны хурга" шиг хэн нэгнээр тэтгүүлээд сонгууль болохоор популизм хийж амь ороод бусад үед "усанд хаясан чулуу" шиг сураг алдардаг намуудад нийгмийн, төрийн босго шалгуур өндөр байх нь чухал. Том намууд эхлээд төлөвших нь нэн чухал. Тэгж үлгэр дуурайл үзүүлж чадвал жижиг намууд "нялхсын өвчин"-өөсөө аандаа ангижрана. Түүнээс биш механик аргаар улс төрийн намууд үүсч бий болохыг хориглох нь Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг боомилсон хэрэг болно шүү дээ. Намууд намбагар байвал төр төмбөгөр байна.

-Сонгуулийн үеэр л идэвхжиж аль ашигтай гэсэн том намыг дагаж таван төгрөг салгадаг намууд бий. Шантаажны гэмээр энэ намуудыг цаашид байлгасаар байх уу. Ямар нэгэн байдлаар хариуцлагажуулах заалт туссан уу?

-Олон түмэн тэнэг биш. Тэд өнгөрсөн хугацаанд намуудад өөрсдийн дүнгээ тавьж ирсэн. Аль нам, ямар улс төрч "хоноцын зан" гаргаж хоолоо олж идэж байгааг харж өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгч суугаа. Хамхуул шиг энд тэнд хийсч, хаа хамаагүй улс төр хийхчээн аядаж, үзэл баримтлал ч үгүй, үнэт зүйл ч байхгүй нам нэртэй "мам"-д хууртах нь юу л бол. Улс төрийн намын тухай хууль ч, жилээс жилд дээшилж буй иргэд сонгогчдын сонгуулийн боловсрол ч энэ бүхнийг аандаа цэгцлээд өгнө. Мэдээж хэрэг аливаа улс төрийн нам үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хор хохирол учруулсан, хагалан бутаргасан үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хориглосон заалт цаашид ч хэвээр үйлчилнэ. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдрах зарчим хүнд ч, намд ч хамаатай.     

-Улс төрийн намууд дээр яригддаг өөр чухал зүйл нь намын гишүүнчлэл байдаг. Энэ удаагийн хуулийн төслөөр намуудыг хатуу гишүүнчлэлээс татгалзуулах заалт орсон гэх юм. Үнэн үү?Цаашид улс төрийн намууд заавал хатуу гишүүнчлэлтэй байх ёстой юу. Орчин үеийн намууд хатуу гишүүнчлэлд хамаарах ёсгүй гэдэг саналууд бий л дээ?

-Яг наад асуудалд чинь олон талаас нь маш нухацтай хандах цаг болсон. Намд хатуу гишүүнчлэл хэрэгтэй эсэх дээр манай ажлын хэсгийн гишүүд ч санал хуваагдаж байна. Хатуу гишүүнчлэлээс татгалзсанаар тухайн нам нийгэмд эзлэх байр сууриа алдах уу, үгүй юу гэдэг өөрөө  их анхаарал татсан асуудал. Өнөөдөр намын хатуу гишүүнчлэл нийгэмд намчирхал, талцал хуваагдлыг өдөөгч гол хөрс суурь болж байна гэж нэг хэсэг нь үзэж байна. Харин нөгөө хэсэг нь намын хатуу гишүүнчлэл чухал гэж харсан хэвээрээ байгаа. Гэхдээ сүүлийн үед нам хатуу гишүүнчлэл бүхий олон түмний намаас татгалзаж сул гишүүнчлэлтэй, намын бүтэц зохион байгуулалтын хувьд мэргэшсэн намын хэв загварыг оновчтой гэж олон судлаач үзэх болсон. Өнөөдөр намчирхалаас үүдэн нийгэмд ч, төрд ч багагүй хор хохирол учирч байгаа нь бодит үнэн. Үүнээс болж төрийн дархлаа суларч, тэр хэрээр төрд итгэх ард түмний итгэл буурч байгааг бид засах ёстой. Хамгийн гол нь намын хатуу гишүүнчлэлийг халснаар энэ бүх асуудал үнэхээр үг хэлгүй шийдэгдэж чадах уу, үгүй юу гэдэг нь их чухал. Өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болчихно гэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй байгаа юм. Өнөөдөр МАН 161.300 гишүүнтэй, АН 150.000 гишүүнтэй. Гэтэл Эх орон нам бас л 160.000 гишүүнтэй гэж Улсын Дээд Шүүхийн цахим хуудсанд мэдээлсэн байх жишээтэй. Тэгэхээр намын гишүүдийн тоо тийм чухал гэж үү ? гэсэн асуулт гарч ирээд байгаа биз. Хуулийн төслийн үзэл баримтлал эцэслэгдээгүй байгаа болохоор үүн дээр би үүнээс илүү тодорхой хариулт өгөх боломж одоогоор алга.   

-Өнөөдөр үнэндээ улс төрийн нам төрийн албыг хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж байна. Ялсан намын хүмүүс гэдэг хэдэн мянган хүнтэй арми бий болсон. Хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намыг төрийн албанаас салгаж байна уу?

-Төрийн албаны дархлаа өндөр байх ёстой. Харамсалтай нь 2012-2016 онд АН төр барьж байхдаа энэ дархлааг үгүй хийсэн. Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай олон мянган төрийн албан хаагчийг хуугаар нь ажлаасхалж сольж, оронд нь улс төрийн сонгуульд намыг нь, өөрийг нь дэмжиж оролцсон хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Төлөөсөнд нь төрийн албаны нэр хүнд унасан. Дараад нь 2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулсан. Нуугаад яахав. АН-ын алдааг манайхан ч бас давтсан. Бас үнэхээр төрийн албан хаагчийн наад захын шаардлага хангаж чадахгүй байгаа, АН-ын далбаан дор төрд шахаагаар орж ирсэн олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхдээ саяхан төрийн албаа хүчгүйдүүлдэг, төрийн дархлаагаа сулруулдаг алдааг дахин давтахгүйн тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Улс төрийн албан тушаал, төрийн албаны зааг ялгааг үүгээр нарийн тогтоож өгсөн. Энэ зааг ялгааг илүү бататгахад Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл онцгой ач холбогдолтой гэдгийг хэлэх байна.  

-Улс төрийн намууд сандал суудлын төлөө явахаас биш бодлого ярьдаг нь цөөн боллоо. Намыг албан тушаал, мөнгө гэж харахаас өмнө бодлого боловсруулдаг намтай болохын тулд ямар өөрчлөлтүүд тусч байгаа бол?

-Намууд бодлогын нам байх ёстой, бодлого ярих, бодлого дэвшүүлэх, бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг би эртнээс л хэлж ярьж ирсэн. Зүгээр ч нэг хэлж яриад зогсохгүй түүн лүү намуудыг чиглүүлэхийг ямагт зорьж, хичээж байсан. Ганцхан жишээ хэлэхэд бид "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ыг боловсруулж батлуулахдаа тухайн үеийн парламент дахь бүх намын төлөөллийг оролцуулсан. Том эрх ашгийнхаа төлөө, Монгол улсынхаа төлөө урт хугацаандаа хэрэгжүүлэх нэг бодлоготой, нэг зорилготой байх нь чухал гэсэндээ тэр. Харин тэр нэг зорилгод хүрэх арга зам, тэрхүү урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга барил нь өөр өөрийн гэсэн онцлогтой байж болно л доо. Үүний хүчинд ямар ч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө намууд энэ бодлогод нийцүүлж боловсруулсан. Өнөөдөр эрх барьж буй манай намын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр ч энэ дагуу батлагдан хэрэгжиж байна. Цаашдаа бодлого ярьдаг, бодлого хэрэгжүүлдэг намууд л үлдэнэ. Түүнээс биш хоосон шүүмжилдэг, улс төрийн амин хувийн ашиг хонжоо хайдаг намууд урт наслахгүй. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэж чадвал намыг албан тушаал, эрх мэдэлд хүрэх шат гэж хардаг бэртэгчин этгээдүүдэд орон зай үгүй болно. Мөнгө төгрөг, бэл бэнчиндээ дулдуйдсан нэгэн биш жинхэнэ эх орондоо эрдэм ухаанаа зориулж чадах мэдлэг боловсролтой хүний нөөцөөр улс төрийн намууд хүрээгээ тэлж хүчээ зузаатгах, намууд хөгжлийн асуудлаар ул суурьтай судалгаа шинжилгээ хийдэг, бодлого боловсруулдаг болж хөгжих тэр боломж бүрдэнэ гэдэгт хатуу итгэж байна.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ