Жаран жарны түүхийг бүтээж, жаргалтайн дэлгэр нутагтаа айл хотол, ахан дүүсээрээ энх амгалан суугаа Монгол түмэндээ билгийн тооллын XII жарны айлчлан ирж буй Тийн унжлагат хэмээх шороон Нохой жилийн сар шинийн мэндийг тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл өргөн дэвшүүлье.
Улиран одож буй тахиа жил маань түмэн олонд минь ивээл буян жигд, ололт ухаарал тэнцүү сайхан жил байлаа. Ховд хэмээх нэрээр овоглосон суугуул иргэд 87.0 мянга болж, 2181 балчир үрс шинээр мэндэлж, 652 хос өрх өсгөн сум сунгаж, түмэндээ бүл, төрдөө хүч нэмсэн нь Монголчуудын өсөн дэвших, өөдлөн дэвжихийн билэгдэл боллоо.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 хувийг эзэлж буй ХАА- салбарт үйлдвэрлэл эрхэлж буй 7320 малчин өрхийн бүтээлч ажилсаг 15269 малчин түмэн маань байгаль, цаг уурын хатуу, хүйтний эрчийг үл ажран мал сүргээ 5 төрлөөр өсгөж, 3 сая 449.0 мянган толгой мал тоолуулж өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаснаар онд мэнд сайхан өвөлжиж байна. Төр засгаас аймгийн ажилсаг бүтээлч малчдийн минь хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Монгол улсын гавъяат малчин 1, улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 7, аймгийн аварга малчин 40 шинээр төрөн гарч, бидний бахархал болсон хөдөлмөрийн сайчуудын эгнээ өргөжлөө.
Аймгийн газар тариалангийн салбарын ажилсаг 3000 гаруй тариаланчид 2346,1 га талбайд тариалалт хийж, 22168,86 тн ургац хураасан амжилтаараа Монгол Улсын аварга тариаланч 4, Аймгийн аварга тариаланч 4 шинээр төрөн гарсан.
Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын баялаг бүтээгчид 4568.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулалт хийж, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагууд түмэндээ хүргэх төрийн үйлчилгээг өргөжүүлсэн өрнүүн амжилтаар Ховд нутгийн бүтээлч, хөдөлмөрч зон олон маань сар шинийн баяраа угтаж байна.
Уламжлалт баяр Цагаан сар нь аав ээж, өтгөс буурал, төрөл төрөгсөд, ахан дүүс, нутгийн зон олонтойгоо учран золгон, энх мэнд, элбэг сайхны бэлгэ ерөөлийг бүрдүүлж, бие, хэл, сэтгэлээ тэгшитгэн, билэгтэй үгийг хөөрөлдөж, явдал мөрөө засч, бусдыг хүндэлж, эв эеийг хичээн, буян хурааж шинэлэх Монголчууд бидний эрхэм сайхан үнэт өв соёл билээ.
Сайхан Монгол эх орон, Төрөлх нутгийнхаа өөдлөн дэвших их үйлсэд хувь нэмэр оруулан, хичээн хөдөлмөрлөж, цаг үедээ эзэн нь болон ажиллаж, амьдарч байгаа олон ястан, Ховд нутгийн зон олон Та бүхэндээ эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн байгаль эх дэлхийгээ хайрлан, үндэсний уламжлалт өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэж, хадгалан хамгаалж, үеийн үед энх тунх оршин, өнө мөнхөд өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ургаж буй жилээ ерөөлөөр угтаж Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ховд аймгийн ИТХ-ын дарга ГОМБООГИЙН ПҮРЭВГАНДИ