УИХ-ын гишүүн О.Батнасан Эрдэнэбүрэн сумын иргэд хөдөлмөрчидтэй 2 сарын 4-нд уулзлаа. Уулзалтаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулан мэдээлэл хүргэсэн юм. Мөн Эрдэнэбүрэн сумын Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж НҮБ-ийн шугамаар олгогддог СӨБ-ын хүүхдүүдэд зориулагдсан гарын бэлгийг тус цэцэрлэгийн хүүхдүүдэд гардуулан өглөө. Уулзалтаар иргэд тус суманд баригдахаар яригдаж буй Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй идэвхи зүтгэл гарган ажил хэрэг болгохыг хүслээ. Мөн тус сургуулийн захирал “багш нарын асуудал буюу цалин хангамжийн асуудал өнөөдрийг хүртэл дорвитой шийдэгдэхгүй байгаа бөгөөд сургуулийн спорт заал болон цайны газраа түрээслэн багш ажилчдын ур чадварын нэмэгдлийг олгохыг Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Тэгэхээр манай сумын хувьд хүн ам цөөн учраас дээрх үйл ажиллагаанаас мөнгө олж цалин урамшуулалд олгох гэдэг бол биелэхгүй асуудал. Тиймээс үүнийг анхаарч дээрх бодлогыг эргэн харахад нөлөөлж өгөхийг хүсэв.
Шураг багийн иргэн Баярбат: Малын татвар тогтоох тухай асуудал яригдаж байна. Малчид бол баялаг бүтээж байгаа буюу нэг ёсондоо жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа нэг хэлбэр. Үүнийг анхаарч үзээрэй. Тус суманд мах сүүний жижиг үйлдвэр цех байгуулж өгвөл малчид, хөдөлмөрчид мах сүүгээ тогтмол тушаадаг зах зээлийн эргэлт бий болох нөхцөл байна. Тиймээс сум орон нутагт сүүний үйлдвэр нэн шаардлагатай байгаа юм. Мөн хадлан тэжээлийг бид өөрсдөө бэлтгэн авах нөхцөл байгаа ч тоног төхөөрөмж дутмаг байна. Тиймээс иргэд хөдөлмөрчдийг ажил хийх энэ мэт боломжоор нь хангаж өгмөөр байна. Тэгвэл бид төрийн гар харахгүй өөрсдөө баялаг бүтээгээд амьдраад байх боломж нөөц уг нь орон нутагт байна. Ингэж чадахгүйгээс бид мах, сүүгээ ченжүүдийн гараар оруулж үнэгүйдүүлээд баялаг бүтээж чадахгүй байдалд хүрээд байгааг анхаарч өгөөрэй гэдгийг хүслээ.
Мөн бондын мөнгөөр зээл авсан хүмүүсийн мөнгийг буцаан төлүүлж, санхүүгийн эргэлт бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн Эрдэнэбүрэн сумын хилийн цэсийн асуудал нэн тулгамдаж байгаа зүйл. Тиймээс үүнийг анхааралдаа авч ажил хэрэг болгож өгмөөр байна гэх зэрэг асуудлуудыг төрийн түшээдээ санал болгон тавьж байв. УИХ-ын гишүүн О.Батнасан дээрх асуудлуудад зохих хариулт тайлбарыг өгч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг зохих түвшинд шийдвэрлэхээ мэдэгдлээ гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ.