УИХ-ын гишүүн О.Батнасан “Бадамлах дөл” ХХК буюу халаалт дулаан доголдож байгаа зарим байруудаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан дулааны станцаар орлоо. Энэ дагуу өчигдөр орой 21.00 цагийн үед аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулж цаашид асуудлыг хэрхэх талаар хэлэлцлээ.
Тодруулбал, тулгамдаж буй гол асуудал болох халаалтыг яаралтай хэвийн горимд оруулахад хувь хувьсгал гэлтгүй хамтран ажиллахыг үүрэг болгов.
Хүйтний эрч суларч хавартай золготол дахин эвдрэл гэмтэл гаргахгүй байхад анхаарах, эхний ээлжинд дахин хөлдөлт үүсгэхгүй байхад яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.
“Бадамлах дөл” дулааны станцаас халаалт авдаг хэрэглэгчдийн хамгийн их санал гомдол дагуулдаг асуудал бол шугам сүлжээний эзэмшилтэй холбоотой асуудал байдаг. Тухайлбал, төв шугамууд тус станцын мэдэлд байдаг, харин салбар шугамууд орон нутгийн өмчинд буюу “Шим ус” ОНӨААТҮГ-ын харьяанд байдаг. Гэтэл “Шим ус” ОНӨААТҮГ тус шугам сүлжээний засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг хариуцдаг ч хэрэглэгчдийн дулааны төлбөрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй байна. Тиймээс дээрх эзэмшлийн асуудлаас болон зарим талаар засвар үйлчилгээ дорвитой хийгдэж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл, эзэмшлийн харилцан уялдаагүй тогтолцооноос үүдэлтэй буюу уг асуудлыг нэг талд нь гаргаж өнөөг хүртэл шийдвэрлэлгүй ирсэн олон жилийн сөрөг үр дагаврыг цаашид зөв голдрилд нь оруулах шаардлагатай байгааг холбогдох мэргэжлийнхэн онцолж байв.
Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнасан Эрчим хүчний яам болон бусад холбогдох газруудтай яаралтай холбогдож арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд уг асуудлыг дотооддоо шийдвэрлэж болох зүйлүүдийг бодлогын түвшинд нэн даруй шийдвэрлэхийг үүрэг болголоо гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ.