Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас зохион байгуулж буй
“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн 01-р сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт болно. Зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын төлөөлөлөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцох юм. Тус зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв ажиллах бол БСШУСЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, БМДИ, МУБИС-ын багш, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж багш, ажилтнуудын санал бодлыг хуваалцахаар төлөвлөжээ.
2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм.
ВИДЕО:Ховд аймагт зохион байгуулагдах зөвлөгөөний үйл ажиллагаанд оролцохоор өнөөдөр Ховд аймагт БСШУСЯ-ны сайдын Зөвлөх Б.Ганбат, БҮТ-ийн захирал, Салбар хуралдааны зохицуулагч Ж.Ган-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Ажлын хэсгийнхэнийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нарын албаны төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Дараагаар нь аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгүүдтэй танилцах, Соёлын салбарын ажилтнуудтай уулзаж мэдээлэл солилцох, Буянт сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна.