ХИС-ийн Захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 12 сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Шааньси мужийн Ши Ань хотод зохион байгуулсан Дэлхийн Күнзийн институтуудын 12-р хуралд оролцоод ирлээ. Тус хуралд 140 гаруй орны их, дээд сургууль, КИ-уудын 2500 гаруй төлөөлөгч оролцсон байна.
2017 оны байдлаар 146 орон, бүс нутагт 525 Күнзийн институт, 1113 Күнзийн танхим байгаа бөгөөд нийт суралцагчдын тоо 2 сая 320 гаруй мянгад хүрээд байгаа бөгөөд энэ удаагийн хуралд оролцогчид нэгдсэн 1, их, дээд сургуулиудын захирлуудын 7, КИ-уудын захирлуудын 8 салбар хуралдаанаар институтуудын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлт, их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, туршлага, цаашдын зорилт, чиглэл,
“Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт дахь хамтын оролцоо зэрэг олон чиглэлээр санал солилцож, туршлага хуваалцлаа.
Хурлын үеэр ХИС-ийн Захирал В.Сайнбаяр Шинжааны Ажил мэргэжлийн их сургуулийн захирал Абдершит Нордонтай уулзалт хийж, хоёр сургуулийн хамтын ажиллагаа болон хамтран байгуулсан КИ-ын цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.
БНХАУ-ын Күнзийн институтын удирдах газар/Ханбан, Шааньси мужийн захиргааны санаачилгаар Шааньси мужийн Боловсролын газар, Ши Ань хотын захиргаа зохион байгуулсан тус XИй хуралд Монгол улсаас ХИС-ийн төлөөлөгчдөөс гадна МУИС-ийн Захирал Я.Төмөрбаатар, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал Г.Цогзолмаа, Замын-Үүдийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал н.Баттуяа зэрэг 4 сургуулийн Монгол, Хятад талын нийт 10 төлөөлөгч оролцсон байна.