Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор уламжлал болгон зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 11 дүгээр сарын 18-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлсэн.
Харин хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 09-ний өдөр Ховд хотноо зохион байгуулагдаж, 17 сумын эрэгтэй 34, эмэгтэй 8 тамирчин оролцон, мэргэн оюунаа сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд Жаргалант сумын Б.Даваадорж 1-р байр, Дарви сумаас оролцсон Ч.Цовоо 2-р байранд орсон бол эмэгтэй төрөлд Манхан сумаас ирж оролцсон Г.Саруул 1-р байр эзлэн, шигшээ тоглолтонд оролцох эрхийн бичиг, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
Уг тэмцээнийг жил бүр аймгийн ИТХ-ын Ажлын алба болон аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд Улаанбаатар хотод болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах Шигшээ тэмцээнд оролцох 3 тамирчны замын зардлыг Аймгийн ИТХ-аас дааж оролцуулдаг билээ.
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2018 оны 1 дүгээр сарын 6,7-ны өдөр Төрийн ордонд болох юм.