УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Дөргөн сумын "Хөх эргийн аараг"-т явагдаж байгаа алт олборлолтын үйл ажиллагааг зогсоохыг хүссэн албан тоотоо салбарын сайдад хүргүүлжээ.



Тэрээр 2017 оны 12-р сарын 08 ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хүсэлт гаргасан албан тоотоо хүргүүлжээ. Албан тоотод Ховд аймгийн ИТХ-ын 2017 оны 6-р сарын 2-ны өдрийн 3/03 тоот тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах нөхөн сэргээх газрын байршил хэмжээг баталсаны дотор Дөргөн сумын ИТХ, Засаг даргаас ирүүлсэн саналын дагуу тус сумын нутагт байрлах Аргалт багийн Хөх эргийн Аараг 3.5 га, Агваш багийн Шар тал 10 га, Сээр багийн Дарзаг 1 га газрыг нөхөн сэргээлтэнд хамруулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг гаргахдаа "хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх, хяналт тавих журам"-ын дагуу шийдвэрлэсэн боловч энэхүү журмын хэд хэдэн заалтыг зөрчиж байгааг дурьдсан байна. Түүнээс гадна дээрх газруудын зарим газрыг нөхөн сэргээх шаардлагагүй бөгөөд, эрүүл газрыг нөхөн сэргээх нэрээр олгосныг нутгийн иргэд эсэргүүцэж байгааг онцолжээ. Тиймээс зохих хууль журмын дагуу тодорхой эрх бүхий албан тушаалтныг Дөргөн суманд томилон ажиллуулж  ИТХ-ын шийдвэрийг цуцлуулан, "Хөх эргийн Аараг"-т явагдаж байгаа алт олборлолтын үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн байна. 


Эх сурвалжийн мэдээлсэнээр "Хөх эргийн аараг"-т "Blue Glod" гэх компани хашаа татан хөрс хуулж, алт олборлох ажлаа эхлүүлжээ. Улмаар нутгийн иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байгааг хэлж байна. Дөргөн сумын Чоно харайхын голын ай савд ийнхүү алт ухаж эхэлсэн нь гол бохирдож Хар нуур, Дөргөн нуур сүйрэх цаашлаад ард иргэдийн эрүүл мэндэд аюул нүүрлээд байна хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж эхэлжээ.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ