Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын хэд дүгээрт оруулах талаар санал зөрөлдсөн МАН-ын бүлэг хурлаас түр завсарлага авсаны эцэст тодорхой шийдэлд хүрч төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг даргад итгэл үзүүлэх асуудлыг 5-р хуралдааны 6, ИТХ-ын даргад итгэл үзүүлэх асуудлыг 7 дахь асуудал болгон хэлэлцэхээр болов. Ингээд хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын 5-р хуралдааны эхний өдөр буюу 12-р сарын 4 нд -Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэлийг тус тус хэлэлцэв. Мөн аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай илтгэл, Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналын тухай илтгэлийг танилцуулсанаар мөн өдрийн хуралдааныг шөнийн 01 цагт түр завсарлуулав.
Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан энэ өглөө 10 цагт үргэлжилж одоогоор аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай илтгэл, Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналын тухай илтгэлтэй холбогдсон асуулт, санал явагдаж байна. Үүний дараагаар аймгийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадралын илтгэлийг хэлэлцэх ба хуралдааны төгсгөлд ИТХ-ын дарга, Засаг дарга нарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр 5-р хуралдаан өндөрлөнө.