Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар аймаг орон нутгийн удирдлагуудад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болов



Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан өнөөдөр аймгийн нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 35 нь хүрэлцэн ирж 87,8 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Өглөөний 09 цагт зарлагдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан товлосон цагаасаа бараг 1 цаг 30 минутын дараа буюу хурлын төлөөлөгчид уван цувсаар хамгийн сүүлд Ардчилсан намынхан хүрэлцэн ирсэнээр хуралдааны ирц бүрдэж хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж, төрт ёсны уламжлалынхаа дагуу Монгол улсын төрийн дуулалаа эгшиглүүлсэнээр хуралдаан эхлэв. 

ВИДЕО:



Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар: 
-Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл 
-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл
-Аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл
-Аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналын тухай  Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Л.Галбадрахын илтгэл
-Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадралын илтгэл зэрэг илтгэлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх ба хурлын эхэнд хуралдааны дэг, хэлэлцэх асуудлаа баталж санал гаргав.



Хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үг хэлж санал гаргалаа. Тухайлбал:Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Ш.Батсүх аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиийг үүрэгт ажлаас нь огцруулах санал оруулсан бол, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн М.Ганзориг  аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг тус тус оруулж олонхийн саналаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталсан юм. Аймаг орон нутгийн удирдлагуудад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэх үү үгүй юу гэх асуудлаар МАН-ын бүлгийнхэн санал зөрөлдөж, хуралдаанаас 20 минутын завсарлага авлаа. Хуралдаан үргэлжилж байна.
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ