ХИС, БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуультай хамтран ажиллана



ХИС-ийн Захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийсэн айлчлалаар ХИС, БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуультай сургалт, эрдэм шинжилгээ, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх боломж нээгдлээ.

Баруун хойтын үндэстний их сургууль /БХҮИС/ нь 1950 оны 08 сард байгуулагдсан 28 бүрэлдэхүүний сургууль, 6 судалгааны хүрээлэнтэй, 1922 багш, ажилтантай, 56 үндэстний 26293 оюутан суралцдаг БНХАУ-ын төрийн өмчийн их сургуулийн нэг юм.

Төлөөлөгчид тус сургуулийн Захирал Жао Дө Ань тэргүүтэй холбогдох удирдлагуудтай уулзалт хийж, багш, оюутан солилцох, туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ХИС-д магистр, докторын түвшинд оюутан элсүүлэн суралцуулах, зуны сургалт хамтран зохион байгуулах, Монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор багш БХҮИС-д томилон ажиллуулах зэрэг олон талаар санал солилцон, ирэх оноос бодит хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.



Айлчлалын үеэр Дэд захирал Б.Нямдорж, Л.Нямсүрэн нар Монгол хэл, соёлын сургуулийн оюутнуудад лекц уншиж, төгсөх курсын оюутнууд, багш нартай уулзалт хийн, сургуулийн талаар товч танилцуулж, ХИС-д гадаадын оюутан элсүүлэн суралцуулах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.

Ийнхүү энэ удаагийн БНХАУ-ын Ганьсу, Чинхай мужид хийсэн айлчлал Хөхнуурын үндэстний их сургуультай хамтран хийх ажлын төлөвлөгөөг баталж, дараагийн семестрээс эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн, Баруун хойтын үндэстний их сургуультай шинээр харилцаа тогтоож, хамтран ажиллах чиглэлээ хэлэлцэн тохиролцсон үр дүнтэй айлчлал боллоо.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ