Монгол цэргийн нэрийг баатарлаг үйлсээрээ дэлхийд цуурайтуулсан ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд та бидний сэтгэлийн дэм хэрэгтэй байна



МОНГОЛ ЦЭРГИЙН НЭРИЙГ ЦУУРАЙТУУЛСАН АХЛАХ ДЭСЛЭГЧ Ш.САМБУУ-ЁНДОНД ТУСЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Монгол цэргийн нэрийг баатарлаг үйлсээрээ дэлхийд цуурайтуулсан, энхийг сахиулагчдын маань оргил нь болсон ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд та бидний сэтгэлийн дэм тус, итгэлийн гал юу юунаас илүү хэрэгтэй боллоо.

БИДЭНД ХҮЛЭЭХ ЦАГ ГЭЖ БАЙХГҮЙ 

Өглөг буянтай ард түмэн, мөрдэс нэгт нөхөд минь тусламжийн гараа сунгаж цэргийн хүүгээ аварна гэдэгт маш их итгэж байна.
Тэртээх 2004 онд алс холын Иракт тэсрэх бөмбөг тээвэрлэсэн амиа золиослогчийн үйлдлийг таслан зогсоож олон зуун хүний алтан амийг авран баатарлаг гавьяа байгуулсан түүний эр зориг өнөөдөр “Элэгний хатуурал” хэмээх хүнд өвчний өмнө хүчин мөхөсдөж байна. Түүнд хамтран зүтгэгч журмын нөхөд, монголын ард түмний тусламж хамгаас хэрэгтэй байгаа энэ үед мөрдэс нэгт дайчин нөхөд нь тусламжийн гараа сунган хандив тусламж өгөх санал санаачилга өрнүүлж байгаад баярлаж буйгаа илэрхийлье. “Соёмбо” сонины хамт олон ч бас Ш.Самбуу-Ёндондоо сэтгэлийн дэм хайрлан анги, байгууллага, цэргийн алба хаагчдаа уриалж байна.

Өвчиндөө шаналан суугаа ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонтой төсөрхөн хөөрөлдөхөд:

Тэрээр “Өнгөрсөн сард БНСУ-д нарийн шинжилгээ хийлгээд ирсэн. БНСУ руу явахад Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, хамт олон маань маш тусалсныг энэ дашрамд хэлэх ёстой. Одоогоор биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ гэнэт л цус алдах гээд байдаг учраас айх юм аа. Энэ хорвоод өвчин хэлж биш, хийсч ирдэг учраас амьд явна гэдэг баталгаа үгүй юм байна. Гэхдээ хайртай гэр бүл, хамтран зүтгэгч, өглөг буянтай хүн бүхний тус дэмээр энэ аюултай өвчнөөсөө салж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Саяхан ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваатай уулзаж, биеийн байдлаа, өвчнийхөө тухай хэлсэн. Тэгэхэд Д.Даваа дарга “Ш.Самбуу-Ёндоон, миний дүү, миний офицер оо. Чамд бид тусална. Эмчилгээнд шаардлагатай байгаа 120 сая төгрөгийнх нь 60 хувийг гаргая. Эмчилгээндээ шаардагдах бичиг баримтаа цуглуул, өөрийнхөө хувийн бэлтгэлдээ анхаараарай” гэхэд нь ямар их баярласан гээч, эдгэрчихсэн юм шиг л сэв хийгээд бие хөнгөрөх шиг болдог юм билээ. Хууль дүрмийнхээ дагуу хагалгаа хийлгэсний дараа 60 хувийг нь гаргаж өгөх бололцоотой гэсэн. Тийм болохоор хагалгаанд зарцуулах мөнгөө яаралтай олох хэрэгтэй байна. Найз нөхөд маань өмнөөс минь гүйж байна даа” гэсэн юм.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын захирагч, ахмад Г.Аззаяа журмын нөхөртөө туслах хандивыг өрнүүлж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.

-Монгол цэргийн тэсвэр хатуужил, сонор сэрэмж, эр зоригийг олон улсад мэдрүүлсэн энхийг сахиулагчид бол яах аргагүй та хоёр. Та хоёрын нэр хэлхээтэй мэт явдаг л даа. Өнөөдөр таны журмын нөхөрт тусламж хэрэгтэй болжээ?

- Тийм ээ. Миний найз дэндүү уужим, дэндүү тайван, дэндүү хүнлэг эр хүн. Энэ зан чанараа өвдсөн үедээ хүртэл гаргах юм. Уг нь элэгний хатууралтай гэдгээ 2014 онд мэдсэн юм билээ. Тэгээд ажил, ажил гэж явсаар өнөөдөр хамгийн хүнд шатандаа орчихсон байна. Хааяа нэг уулзахаараа “Элгээ эмчлүүлж байна уу” гэхээр “Ажил ихтэй л байна. Гэхдээ завсраар нь эмчилгээ хийлгэж байгаа, гайгүй ээ хө” гэдэг. Одоо гэтэл эцсийн шатандаа хүрчихсэн, цаг алдалгүй хагалгаа хийлгэхгүй бол үнэхээр болохгүй байна. Элгийг нь 100 хувь солино гэсэн.

-Донор нь дүү нь болж байгаа гэх мэдээлэл байна?

-Төрсөн дүү Ш.Байгаль-Эрдэнэ нь донор болохоор шинжилгээ өгөхөд тохирно гэсэн урьдчилсан хариу гарсан. Одоо нарийн шинжилгээ өгч байгаа. Гэхдээ таарах эсэх нь шинжилгээний сүүлд нь мэдэгдэх байх. Хэрэв таарахгүй гэвэл дахиад донор хайх маш их ажил гарна. “Таараасай” гэж залбирч байна даа. ЗХЖШ-ын дарга, Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд, БНӨСУ-д бүсийн орлогчоор ажиллаж байгаа бригадын генерал Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, “Соёмбо” сонины хамт олон тусална гэдгээ илэрхийлсэн байна лээ. Миний найз олонтой хүн учраас Зэвсэгт хүчний хамтран зүтгэгчид маань тусламжийн гараа сунгана гэдэгт нь маш их итгэж байна. Одоо манай Самбууд хүлээх цаг гэж байхгүй. Хагалгааны зардлаа олчихвол өнөө маргаашгүй эмчилгээнд орох шаардлагатай байна. Төрийн албан хаагчийн цалингаар амьдарч яваа жирийн нэгэн офицер, ачлалт аав, халамжит хань болсон найзад маань мөрдэс нэгт та бүхний тусламж хамгаас их хэрэгтэй байгааг дахин дахин хэлье.

-Хандив өргөх албан ёсны хандивын данс нээсэн үү?

-Ш.Самбуу-Ёндонд туслах хандивын данс нь энэ гурав. 
Төрийн банк:310000281515, 
Голомт банк:1709052959, хүлээн авагч нь Ш.Самбуу-Ёндон
XААН банк: 5753394116 /Эхнэр Л.Сүхбат/. 
Харилцах утас: 99796090, 89072789. Энэ дашрамд нэг зүйлийг тодруулахад энэ гурван дансыг албан ёсоор ажиллуулж байгаа. Өөр данс байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сүүлийн хоёр хоногт сошиалаар Ш.Самбуу-Ёндонд туслах тухай мэдээлэл гарсан ч одоогоор бодитой тусламж ирээгүй л байна. Өглөг буянтай ард түмэн, мөрдөс нэгт нөхөд минь тусламжийн гараа сунгаж цэргийн хүүгээ аварна гэдэгт маш их итгэж байна.
Зэвсэгт хүчний "Соёмбо" сонины редакци
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ