Ховд аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 2017 оны 10-р сарын 16 ны өдөр хуралдсан хурлаас 2017 оны 10-р сарын 25 ны өдөр Намын хорооны хурлыг хуралдуулж тус хурлаар өнгөрсөн 3 шатны сонгуульд хэрхэн оролцсон талаархи намын даргын тайлан мэдээлэл, аймаг орон нутгийн ажил байдал, алдаа оноог ярилцахын зэрэгцээ 2017 оны 11-р сарын 20-21 нд хуралдах МАН-ын их хурлын төлөөлөгчдийг сонгох асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Гэтэл маргаашийн хуралдааныг 2017 оны 11-р сарын 30 хүртэл хойшлуулжээ. Шалтгааныг нь тодруулбал: МАН-ын 28-р их хурал 2017 оны 11-р сарын 20-21 ний өдрүүдэд УБ хотод болохтой холбогдуулан энэхүү хурлаас өмнө орон нутагт ямар нэгэн хурал зөвлөгөөн хийхгүй байх үүрэг чиглэлийг намын дээд шатны байгууллагаас нь өгсөн байна. Тиймээс МАН-ын хорооны Тэргүүлэгчид намын 28-р их хурлыг угтан гишүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор "МАН гишүүдээ сонсож байна" хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Маргааш буюу 2017 оны 10-р сарын 25 ны 17 цагаас ХИС-ийн хурлын танхимд болох энэхүү хэлэлцүүлэгт аймаг сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын гишүүд, дэмжигчид, намын дэргэдэх ТББ-ын төлөөлөгчид оролцох юм байна.