Ховд аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид намын даргаасаа дүрмийн дагуу хурлаа хийхийг шаарджээ


Ховд аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид 2016 оны 8-р сард буюу сонгуулийн дараахан  аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга нарын албан тушаалын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэнээс хойш өнөөдрийг хүртэл дахин хуралдаж чадахгүй байсаар бүхэл бүтэн 1 жил хагасийн нүүрийг үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд нэр бүхий Тэргүүлэгчдийн зүгээс намын хорооны дарга Д.Галсандондог, дэд дарга Г.Пүрэвганди нараас Тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулахыг удаа дараа шаардаж ирсэн бөгөөд намын хорооны дарга нь Тэргүүлэгчдийнхээ шаардлагыг үл тоосон уу нэг ч удаа хүлээн авч хуралдуулаагүй гэнэ.

Эрх баригч намын хувьд боловсон хүчин, албан тушаалын томилгоо, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай холбоотой олон чухал асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаараа ярилцаж хамтдаа шийдвэрлэх учиртай. Гэтэл яагаад өдий болтол намын дүрмийн дагуу хуралдахгүй байна вэ гэх асуудалд тус намын хорооны олон Тэргүүлэгчид, олон зуун гишүүд бухимдаж байгаа сурагтай.  

Намын дарга нь нэг биш олон удаагийн шаардлагыг хүлээж аваагүй учраас арга буюу намын хорооны дэд дарга Г.Пүрэвганди Тэргүүлэгчдийн зүгээс тавьж буй шаардлагыг хүлээн авч 2017 оны 10-р сарын 16 ны өдөр МАН-ын хорооны Тэргүүлэгчид хуралдсан байна. Уг хуралд аймгийн намын хорооны 17 Тэргүүлэгчийн 10 нь оролцсон бөгөөд хурлаас  2017 оны 10-р сарын 25 ны өдөр Намын хорооны хурлыг хуралдуулахаар тогтжээ. Улмаар тус хурлаар өнгөрсөн 3 шатны сонгуульд хэрхэн оролцсон талаархи намын даргын тайлан мэдээлэл, аймаг орон нутгийн ажил байдал, алдаа оноог ярилцахын зэрэгцээ 2017 оны 11-р сарын 20-21 нд хуралдах МАН-ын их хурлын төлөөлөгчдийг сонгох асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Бүхэл бүтэн жил гаруйн хугацаанд хуралдаагүй аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид, намын хорооны гишүүдэд ярилцаж шийдвэрлэх асуудал багагүй байгаа нь мэдээж. Юутай ч улс төрийн ууган хүчин, эрх баригч намын улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн яаж өрнөхийг харах л үлдэж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ