УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч ан завсарлага авлаа. сөрөг хүчний зүгээс хууль зөрчсөн орж ирлээ гэж шүүмжилсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ оны улсын төсвийн тодотголыг 9.9 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар оруулж ирсэн. АН-ыг засаглаж байхад улсын төсвийн алдагдлыг хоёр хувьд хүргэн оруулж ирж байсан юм. Тухайн үеийн сөрөг хүчин болох МАН асар их эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болохгүй, бүтэхгүй байна гэж зарладаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөө 9.9 хувьд хүрсэн алдагдалтай төсөв батлахаар оруулж ирлээ. Бидний өнгөрсөн хугацаанд хийж байсан хичээл чармайлтыг эрх баригчид байхгүй болгож байна гэж харагдаж байгаа.
-Төсвийн тодотголыг 9.9 хувиас бага батлах ямар боломжууд байна вэ?
-Энэ онд нийтдээ эдийн засгийн болон уул уурхайн бүтээгдэхүүний өсөлтөөс үүдсэн төсвийн орлого асар их нэмэгдсэн. Нийтдээ 900 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого давж биелэгдэж байгаа. Тэгэхээр ард иргэд, татвар төлөгчид хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө татвар болгон өгч улсын төсвийг 900 орчим тэрбум төгрөгөөр давуулж байна. Харин эрх баригчид 500 орчим тэрбум төгрөгийн зардал гаргахаар тодотголд тусгажээ. Ихэнх нь сайд нарын гарын салаагаар урсгаж байгаа мөнгө. Нийтдээ шинэ хөрөнгө оруулалтын 27 арга хэмжээнд 140 тэрбум төгрөгийг зарцуулахаар оруулж ирж байна. Хөхөө өвлийн хүйтэн ирж байхад бүтээн байгуулалт өрнүүлнэ гэдэг дэндүү оройтсон хугацаа. Энэ бол тодорхой хэмжээгээр албан тушаалтнуудын шунал хүрсэн хөрөнгө оруулалт гэж харж болно.
-Он гарангуут манай улс бондын өр төлбөрөө өгч эхэлнэ. Энэ мөнгөний эх үүсвэрийг босгох ямар хувилбар байж болох вэ?
-Бондын төлбөрт эхний ээлжинд 600 орчим саяыг төлөх ёстой. Тэгэхээр орлогоосоо тодорхой хэмжээнд хуримтлуулж байж төлбөрөө хийх гарц бий. Тиймээс баригдахгүй барилгад мөнгө суулгаж байгаа явдлыг АН буруу гэж үзэж байгаа.
-Та сая энэ төсвийн тодотголд тодорхой албан тушаалтнуудын шуналын нүд орсон байна гэлээ. Тодорхой жишээ хэлэхгүй юу?
-Барилгын хийц үйлдвэрлэх, хөдөлгөөнт цогцолбор байгуулахад 20 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ. Барилгын бизнесийг манай хувийн хэвшлийнхэн эрхлээд явж болж байна. Аж ахуйн нэгж, иргэд өөрсдийнхөө хувийн хөрөнгө оруулалтыг хийгээд барилгын хийц үйлдвэрлэдэг үйлдвэр барьж байна.
Гэтэл нэг хэсэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ийм үйлдвэр бариад явахад харилцан өрсөлдөөний нөхцөл байдал үүсэхгүй. Үүнийг тодорхой хүмүүсийн сонирхлын зөрчил орсон хөрөнгө оруулалт гэж харж байна.
Дээрээс нь албан тушаалтнуудын тансаглалд зориулсан төсвийн тодотгол орж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Нийтдээ хоёр тэрбум төгрөгөөр дарга нарын унах автомашиныг энэ төсвөөс худалдаж авахаар шийдвэрлэх бололтой. Мөн дарга нарын амьдрах байр савыг засварлахад зориулж дөрвөн тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулахаар тусгаж байх жишээтэй.
Өнөөдөр төрийн албан хаагчид, тэр дундаа эмч, багш нарын цалин маш бага байгаа. Тиймээс энэ төсвийн тодотголоор хүмүүсийнхээ цалинг нэмэхэд анхаарч ажиллаагүй мөртлөө сайд нарын гарын салаагаар урсгадаг зардлыг нэмсэн байна. Унах нь тодорхой болсон Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа хоноцын сэтгэлээр хандсан. Тиймээс шинэ Засгийн газар тодорхой хэмжээнд зардлыг дахиж хариуцлагатай хандаж, хуримтлалдаа болон эдийн засгийн хөгжилд анхаарсан ийм төсөв болгож оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН төсвийн тодотголыг хэлэлцэх асуудалд завсарлага авсан юм.
-Хүүхдийн мөнгийг бүрэн олгохоор тусгасан гэл үү?
-Ер нь Засгийн газар ОУВС-тай хийсэн хөтөлбөрийн хүрээнд нэлээд зардлуудыг танасан. Тэгсэн мөртлөө сонгууль болоход ОУВС-гийн хөтөлбөр хамаагүй болоод явчихдаг. “Хүүхдийн мөнгийг ОУВС заавал тана гэж байна” гээд өнгөрсөн хавар тодотгол хийгээд танаж байсан. Харин сонгууль болохоор эргүүлээд нэмээд явчихдаг. Тийм болохоор ОУВС хатуу зарчмын байр суурь дээрээ байж чадахгүй байна. Намын эрх ашиг бүхий сонгуулийн төлөө хүүхдийн мөнгийг өгч болдог ийм харилцан хэлэлцээр байж болохгүй. Тиймээс энэ асуудлыг төсвийн тодотголд зөв болгож оруулж ирсэн байна лээ. Үлдсэн хугацаанд бүх хүүхдэд тэгш эрхтэй мөнгө олгохоор төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан байгаа.
-Гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгөн дүнгийн тухайд?
-Үүн дээр зарим лоббитой гишүүд, сайд нар хөрөнгө оруулалтуудыг тавьсан байх талтай.
Жишээлбэл, манай тойрог дээр улсын төсвийн тодотголоор ямар нэг хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа. Тэгэхээр гишүүн болгон тойрогтоо хөрөнгө оруулалт тавьж байна гэсэн хардлага байдаг нь үндэслэлгүй юм.
-АН-ын зүгээс Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж ажиллая гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймээс танай бүлгийн есөн гишүүдийн тойрогт мөнгө хуваарилаач гэж хүссэн зүйл бий юу?
-Тийм зүйл одоохондоо байхгүй. Ер нь ард түмэн биднийг сөрөг хүчин хий гэж сонгосон. Тиймээс МАН-ын Засгийн газрын сайд нарыг заавал дэмжих шаардлага бидэнд байхгүй. Мэргэжлийн хүн тэр салбарыг зөв удирдаж явах ёстой.
-МАН-ын фракц сайдуудынхаа асуудалд тохирч чадахгүй байна л даа. Сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийг багаар нь дэмжихийн тулд ямар нэгэн тохироо хийсэн үү?
-Мэдээж салбараа удирдаж чадах хэмжээнд ажиллаж чадахгүй, дээрээс нь мэргэшсэн биш хүмүүсийг оруулж ирвэл заавал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг багаар дэмжих алба байхгүй. Миний хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгнө. Бүлгийн шийдвэрийг бүрэн дагана гэсэн үг биш л дээ.
М.МӨНХЦЭЦЭГ