Ховд аймгийн Нийтийн номын сангийн Америкийн төвөөс санаачлан ЕБС-ийн 5-12 дугаар ангийн бүх сурагчид, анги хамт олны дунд “Ангиараа англи хэлэндээ төгс больё” аяныг эхлүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Америкийн соёл боловсролын талаар мэдээлэл олгох, уншигч багачуудыг ном унших соёлд суралцуулах идэвхи өрнүүлэх зорилготой тус аян
2017 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 24-ны хооронд зохион байгуудлагдана. Аяны хүрээнд анги хамт олноороо уншигч болсон байх, уншсан номын тоо, ашигласан тоглоомын тоо, үзсэн кино, уралдаан тэмцээнд оролцсон байдал, American corner Khovd хуудсанд LIKE дарсан байх зэрэг шаардлага тавьж байна. Мөн "Ангиараа англи хэлэндээ төгс болъё" аянд амжилттай оролцсон 5-12 дугаар ангийн сурагчид, анги хамт олныг байр эзлүүлэн шагнаж урамшуулах юм. Тодруулбал, Тэргүүн байр өргөмжлөл, 50 мянган төгрөг, Дэд байр дурсамж, 30 мянган төгрөг, Гуравдугаар байр дурсамж, 20 мянган төгрөг, дурсгалын зүйлсээр тус тус шагнах юм. Уг аянд оролцох хүсэлтэй сурагчид, анги хамт олон Ховд аймгийн Нийтийн номын сангийн Америкийн төвд хандах боломжтой.