Монгол улсад 25 дахь жилдээ тэмдэглэж буй “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ хамтран ахмадын баярын өдрийг тэмдэглэн, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Галданбошигт хааны хөшөө, Ард Аюушийн хөшөөнд Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болж дараагаар нь дурсгалын зураг татуулав.
Мөн Олон улсын ахмадын өдрийн “Баярын хурал”, “Хүндэтгэлийн концерт”-ийг Хөгжимт драмтын театрын авъяаслаг уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганповрон нарын орон нутгийн удирдлагууд болон Жаргалант суманд оршин суугаа 300 гаруй ахмад буурлууд оролцлоо.
Баярын хурлын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди азай буурлууддаа баярын мэнд хүргэн, мэндчилгээ дэвшүүлж, Төр захиргааны байгууллагын зүгээс ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл насжих, ажил эрхлэх таатай орчныг бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар товч мэдээлэл хүргэж, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад настан Ц.Сайнсүүл, Х.Батнасан, Д.Дүгэржав нарыг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.