МЭНДЧИЛГЭЭАхмад настан, азай буурлууд аа.
Тусгаар Монгол улсынхаа тулганы галыг бадрааж, тулах цэг, туулсан түүх нь болж мөнхөрсөн ахмад буурлууддаа олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 27 дахь жилдээ, Монгол Улсад 25 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.
Монгол Улсын Засгийн газраас өсвөр хойч, залуу үеийнхэнд, хөдөлмөрийн хүмүүжил олгох, мэдлэг, туршлагыг залуу боловсон хүчинд өвлүүлэн үлдээх “Ахмадын зөвлөх үйлчилгээ”, ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлэх,“Насны хишиг” олгох зэрэг хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн ИТХ-аас 2017 оны 5 дугаар сард
“Ахмадаа ачлая” хөтөлбөрийг баталж, ахмадууд нийгмийн эрх тэгш идэвхитэй гишүүн байж хөдөлмөр эрхлэх таатай боломжийг бий болгох, тэдний аж байдал нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл насжих, тэднийг нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог идэвхжүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах нөхцөл бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Эх орныхоо хөгжил дэвшил,хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө ажиллаж, ариун цагаан, цуцалтгүй хөдөлмөрөөрөө өнөөдрийн Монголыг бүтээсэн үе үеийн ахмад буурлууддаа энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ