Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын гишүүд дэмжигчдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, намын үйл ажиллагааг иргэд сонгогчдод сурталчлах зорилгоор Ховд аймгийн Ардчилсан намаас гишүүд дэмжигчдийнхээ дунд зохион байгуулж буй Урлаг-Спортын анхдугаар наадам өнөөдөр эхэллээ. 09-р сарын 21-24-ны өдрүүдэд Ховд хотноо зохиогдох Урлаг-Спортын анхдугаар наадамд Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн 12 багийн намын гишүүд дэмжигчид гээд нийт 28 багийн 1027 тамирчид, ардын авьяастнууд оролцож байна.
ВИДЕО:Анх удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга н.Үүрийнтуяа, Ардчилсан намын Хуулийн хэлтсийн дарга н.Батхуяг, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батцогт, Б.Пунцаг нарын албаны төлөөлөгчид, аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.
Наадмын шагналын сан тус бүрдээ 10,0 сая төгрөг байх бөгөөд намын гишүүд дэмжигчдийн эв нэгдэл, урлаг спортын чансааг шалгасан өрсөлдөөнтэй наадам болно. Мөн улс төрөөр биш урлагийн тайзнаа, спортын талбарт бие биенийгээ нөхөрсөгөөр ялах, бас таних өргөн боломж нээгдэх нөгөө талаар намын гишүүд, дэмжигчдийг хүчээ нэгтгэж, хамтдаа урагшлах нэгэн том шалгуур болсон наадам болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Нэн ховордсон "Минж"-ийг энэ наадмынхаа билэгдэл болгосон нь тус наадмын нэгэн онцлог болж байна.