2017 оны 09-р сарын 13-15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ОХУ –ын АБНУ болон Монгол улсын баруун аймгуудын сэтгүүлчид, боловсролын салбарынхны хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ын төвийн салбар, Ховд аймагт төвтэй “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, гавъяат сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкин, АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Александрович Жуков, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төвийн эрхлэгч К.Жулдыз, Ховд аймагт төвтэй Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнх, сэтгүүлч П.Гантөмөр, Баян-Өлгий аймаг дахь МСЭ-ийн салбар зөвлөлийн дарга Б.Өмирбек нар болон тус аймгийн сэтгүүлчид, сургуулийн удирдлагууд багш нар сурагчид болон холбогдох бусад хүмүүс оролцжээ.
Энэ үеэр хоёр улсын хил орчмын муж, аймгуудын сэтгүүлчдийн байгууллагууд мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, экспидиц зохион байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон бол багш нар болон ахлах ангийн сурагчдыг цөм болгон, зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгийн үеэр гадаад хэлний сургалтыг тойрсон дэвшилттэй шинэлэг санаа оноонуудаа солилцсоноос гадна, санал зөрөлдөөнтэй зөрчилтэй асуудлуудын талаар халуун яриа өрнүүлсэн байна.