2017 оны 09-р сарын 12 ны орой Зэрэг сумын Бургасан багийн нутаг "Цагаан арал"-д түймэр гарч тус сумын төрийн албан хаагчид болон Бургасан, Гүвээ багийн иргэд гээд 200 орчим хүн 2 шөнө, 3 өдөр ажиллаж цурманд оруулжээ. Зэрэг сумын Засаг даргын орлогч Я.Жаргалсайхантай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар лавлахад: Нийтдээ 4 орчим га талбай шатсан ба түймэрт хүн, мал өртөөгүй, түймэр гарсан шалтгааныг нь тогтоохоор сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүсэлтээ хүргүүлээд байна. Аймгийн Онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ирж ажиллалаа. Түймрийг цурманд оруулсан болохоор одоо байгалийнхаа жамаар унтарна гэх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас өгч байна. Гэлээ гээд бид анхаарлаа сулруулаагүй, Зэрэг сумын бод малын өвөлжөөний гол бүс нутаг учраас дахин түймэр гарахаас урьдчилан сэргийлж, Бургасан, Гүвээ багийн Засаг дарга нар, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт тодорхой үүрэг чиглэл өгөн ажиллаж байна гэлээ.