Мэндчилгээ
Монгол оронд болон Ховдын хязгаарт хөдөлмөрчин олон түмний байгууллага үүсч хөгжсөн буурал түүхт их ойнууд давхцан тохиож буй өлзий билэг дэмбэрэлтэй энэ цаг дор Үйлдвэрчин хэмээх их айлын гал голомтыг анхлан асаасан, үргэлжлүүлэн бадрааж яваа үе үеийн өгөөмөр сэтгэлт хүний төлөө үйлстнүүддээ энх мэндийн хадаг юугаан өргөн барьж, амар мэндийг нь айлтган мэндчилж байна.
Зөвхөн бусдын төлөө сэтгэлийн цацлаа өргөн сүүн замыг туулсан 100 жилийн түүхтэй Монголын Үйлдвэрчний эвлэл эдүгээ дэлхийн ажилчин ангийн анхдагчийн эгнээнээс даяаршлын эрин үе дэх олон улсын хөдөлмөрийн харилцааны дэлхийн хэмжээний түнш болтлоо хөгжиж ирсэнийг энэ цагийн өндөрлөгөөс эргэн харахад таатай байна.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн өнгөрсөн болон ирээдүйн 100 жилийн түүхийг бүтээлцэх хувьтай төрсөн ҮЭ-ийн гишүүд, тэднийг төлөөлсөн идэвхтэн сонгуультнууд, хөдөлмөрийн хамт олны манлайлагчид та бүхнээр өртөөлүүлэн баялаг бүтээгч хөдөлмөрчид, нийт монголчууд та бүхнийг эв нэгдэл, эрх ашгаа ямагт эрхэмлэн дээдэлж, нийгмийн хөгжлийн 3 цагийн хэлхээнд хүний заяагдмалд тооцогдох хөдөлмөрлөх эрхийнхээ мөнхийн эзэн болж явахыг хичээнгүйлэн хүсье.
Ховд аймгийн ҮЭ-ийн холбоо