Алс баруун хязгаар Ховд аймгийн Булган сум 10000 орчим хүн амтай. Үүний 50 орчим хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг байна. Айл гэрийн түшиг тулгуур болсон эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг дээшлүүлэх үүднээс тус сумын шилдэг тэргүүний 350 орчим эмэгтэйчүүд чуулжээ.
Эх үрсийн баярын босгон дээр зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн оролцоо-Манлайлал" сэдэвт чуулга уулзалтыг Булган сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн "Булган хатан заяа" Төрийн бус байгууллагаас санаачлан сумынхаа ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Тус чуулга уулзалтанд УИХ-ын гишүүн О.Батнасан оролцож шилдэг тэргүүний зарим эмэгтэйчүүдэд гарын бэлгээ гардууллаа.
Анх удаа зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад тус сумын хөдөлмөр эрхлэх насны 800 гаруй эмэгтэйчүүдийн манлайлал болсон 350 орчим эмэгтэйчүүд оролцож нэгэн өдрийг сайн сайхан амьдрахын утга учир, гэр бүл, үр хүүхдийн төлөвшил, хүмүүжил, боловсрол, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр гээд олон чухал сэдвээр лекц сонсож, харилцан санал бодлоо солилцлоо.
Чуулга уулзалтанд оролцогчид баялаг бүтээгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадварлаг манлайлагч эмэгтэйчүүдийг урамшуулах, эмэгтэйчүүдийн хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, ёс суртахууны талаар мэргэжлийн байгууллагтай хамтран сургалт зохион байгуулах, "Булган хатан заяа" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд алслагдсан багуудад хүрч малчин эмэгтэйчүүд, охидуудад хандан тэдний санал хүсэлтийг сонсох, сургалт зохион байгуулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогойтой эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах, хүүхэд хүмүүжүүлэх монгол зан заншлаасаа, ахмадаасаа суралцах клуб байгуулах зэрэг олон ажил хийх саналыг гаргалаа.
Чуулга уулзалтаас гарсан санал зөвлөмжийг Булган хатан заяа ТББ нь тусгай хөтөлбөр боловсруулан сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо.