Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг угтан "НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДИВААЖИН-2" аялал зохион байгуулна.



Нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан иргэдэд экологийн боловсрол олгох, тусгай сонирхлын аяллын маршрут бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, Цагаан голын арлуудын бэлчээрийг зохистой ашиглах захирамжийн биелэлтэнд хяналт тавих зорилгоор Хар Ус Нуур Орчмын Улсын Тусгай хамгаалалттай Газрын хамгаалалтын Захиргаа "Нутгийн зураг" студи санаачлан "НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДИВААЖИН-2" аялалыг зохион байгуулах гэж байна.  2017 оны 5-р сарын 01-02 ны өдрүүдэд явагдах энэхүү аялалыг  аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, Хар Нуур, Ховд Голын Сав Газрын Захиргаа, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Алтай Соёны салбар, Гэрэл зургийн Өөр өнцөг клуб, www.Khovdnews.mn сайттай хамтран зохион байгуулж байна.




 "НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДИВААЖИН-2" аялалд дээрх байгууллагуудын мэргэжилтнүүдээс гадна хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн 30 хүн оролцож байгаа юм. Аялалд оролцогчид Ховд хот – Хар-Ус нуурын Шувуун цуглаан – Хэрс арал – Буянт сум – Мянгад сум – Улаан толгой – Юмын хоолой – Далай нуур – Хар нуур – Элсэн хошуу – Ховд хот гэсэн  маршрутаар аялах юм. "НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДИВААЖИН-1" аялалыг өнгөрсөн 2016 оны 5-р сарын 6-9 ний хооронд Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Алтай Соёны салбараас анх санаачлан зохион байгуулсан бөгөөд ийнхүү 2 дахь жилдээ уламжлал болон явагдаж байна.




Урлагийн бүтээл мэт байгалийн өвөрмөц тогтоц, өнгө төрх он цагийн уртад элэгдэн өөрчлөгдөж, хувьсаж байдаг билээ. Иймд энэхүү аялалын бас нэг чухал зорилго нь  төрөлх нутгийнхаа уул ус, ургамал амьтан, ан амьтад, нүүдлийн шувуудын талаар танин мэдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, нутаг усаа хайрлан хамгаалах, үүх түүхээрээ бахархан омогших, хадгалж хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашид гадаадын болон дотоодын жуулчдад сурталчлах явдал юм. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ