2017 оны 04 сарын 27-ны өдөр Булган сумын Засаг даргын тамгын газраас санаачлан сумынхаа "Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгуулжээ. Энэхүү зөвлөгөөнд тус сумын газар тариалан эрхлэгчид, иргэдийн төлөөлөл болсон 90 гаруй хүн оролцсон байна. Зөвлөгөөнөөр газар тариалан эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, цаашид хийгдэх ажлуудын талаар заавар зөвлөмж өгч ажиллажээ. Булган сум нь төмс хүнсний ногооны хэрэгцээний 27%-ийг л дотооддоо тариалдаг байна. Тэгвэл энэ жилээс эхлэн орон нутгийнхаа газар тариалан эрхлэгчдийг дэмжин ажиллаж дээрх үзүүлэлтийг 60%-д хүргэж ажиллахаар төлөвлөөд байна.
Зөвлөгөөнөөр газар тариалан эрхлэгчдийг бүлэг болгон ажиллуулах, усны эх гаргахад төр иргэн хамтарч ажиллах, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн мөнгөнөөс газар тариалан эрхлэгчдийг түлхүү дэмжиж ажиллах шийдвэр гаргажээ. Мөн хаврын тариалалтын ажлын хүрээнд иргэдийн эзэмшлийн тор, хашаан дотор дайран өнгөрч буй нийтийн эзэмшлийн суваг шуудууг сэргээн засах ажлыг хийхээр болсон байна. Энэ ажилд сумынхаа тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй иргэдийг татан оролцуулах ба 1 метр шуудууг 1000 төгрөгөөр үнэлэн ажиллуулахаар болжээ.