“Алтай – Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн хуралд Ховд аймгийн төлөөлөгчид оролцлоо.



Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын 18,19,20-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрүмч хотод зохион байгуулагдсан “Алтай – Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр ажлын хуралд оролцлоо. Тус хуралд БНХАУ-ын ШУӨЗО, ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улс, Алтайн хязгаар, Казакстан улсын Дорнод Казакстан муж, МУ-ын Ховд, Баян-Өлгий аймаг зэрэг 4 орны 6 аймаг мужийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцож, зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөө, дараагийн 2 жилийн даргалагч бүс, 15 дугаар хурлыг зохион байгуулах газар зэргийг хэлэлцэн баталсан юм.





“Алтай – Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлж, тус хурлын шийдвэрт тусгах саналаа танилцуулан энэ оны төлөвлөгөөнд тусгуулан ажиллахаар болсон.





Энэхүү хурлаар дараагийн ээлжит даргалагч бүс нутгаар Ховд аймгийг сонгож, зөвлөлийн 15 дугаар ажлын хурлыг 2018 онд Ховд аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь аймаг орон нутгаа олон улсад сурталчлан таниулах, Монгол Алтайн бүс нутгийн хөгжлийн гарц боломжуудыг танилцуулах нөхцөлийг бүрдүүлж байна. 
Мөн хурлаар хэлэлцэн баталсан 2017 оны ажлын төлөвлөгөөний дагуу манай аймаг “Ховд-Инвест 2017” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 8 дугаар сард зохион байгуулахаар боллоо.




Тус хурлын үеэр аймгийн удирдлагууд ШУӨЗО-ны Боомтын асуудал хариуцсан газрын удирдлагатай уулзалт хийж, Такешкен боомтын зарим хураамж, ачааны машины хязгаарлалт \бүхээгтэй машинаар зайлшгүй тээвэр хийх\ зэрэг зарим асуудлаар санал солилцлоо. Хятадын талаас 2020 он хүртэл хагас бүхээгтэй буюу задгай тэвштэй машинаар тээвэрлэлт хийх зөвшөөрөл гарсан бөгөөд 2020 оноос хойш ШУӨЗО-ны боомтуудаар задгай тэвштэй машинаар тээвэрлэлт хийх боломжгүй талаар мэдээлэл өгч, Такешкен боомтод баримтгүйгээр өндөр хураамж авч иргэдэд хүндрэл учруулж байгааг зогсоох, хураамжийг бууруулах болон бусад тулгарч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ