ЦАРЦАЖ ГАЦСАН “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” “ЦАВЧАА” ХИЙСЭН МЕТРОНЕТВОРКС

ЦАРЦАЖ ГАЦСАН “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД”                                 “ЦАВЧАА” ХИЙСЭН МЕТРОНЕТВОРКС


Монголчууд бид “Цахим эрүүл мэнд” гээч төслийн тухай сонсоод лавтайяа 5 жил өнгөрч байна. Гэхдээ өнөө хэр нэрийг нь сонссон болохоос нүдээр үзэж, гараар тэмтэрч, үр шимийг нь хүртэж, ач тусыг нь амссан хүн ер үгүй.

Түүх сөхье...Манай улс иргэдийнхээ өвчний түүхийн талаар мэдээллийн сантай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг орчин үеийн жишиг шаардлагад нийцүүлж, олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 19,6 сая ам долларын өртөг бүхий “Цахим Эрүүл мэнд” төслийг 2012 оноос хэрэгжүүлэх болсон юм. Энэ нь өнөөгийн ханшаар 47 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл гэсэн үг.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хуавэй технологи” компани шалгарч, “Метронэтворкс” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгон авсан түүхтэй. Гэсэн ч ажил огт урагшилсангүй. “Цахим эрүүл мэнд” төсөл 5 жилийн турш царцаж, цаг үрж, цаастай зууралддаг байдлаасаа эмнэлгүүд гарсангүй. Эмнэлэгт үзүүлэх дараалалаа цахимаар захиалж, өгсөн шинжилгээнийхээ хариуг цахимаар авч, хот хөдөөгийн эмч мэргэжилтнүүд хоорондоо цахимаар  мэдээлэл солилцож, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд шуурхай хүртэх хүсэл хоосон мөрөөдөл болон хувирав.

Уг нь гэрээнд заасан ёсоор бол 2016 оны эцэст бүрэн хэрэгжиж дуусах ёстой байсан төслийн үр дүнд Монгол улс иргэдийн өвчний түүхийн цахим мэдээллийн сантай болж, улмаар эрүүл мэндийн бүх төрлийн тайлан мэдээг “real time” буюу “Яг одоо”  горимд гаргах, шаардлагатай судалгаа, шинжилгээг өргөн хүрээнд хийх, иргэд нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ хийлгэх, онлайнаар шинжилгээний хариугаа хүлээн авах, үзлэгийн цаг товлох, зайнаас оношлуулах зэрэг үйлчилгээний дэвшилтэт олон боломжууд нээгдэх хүлээлт байсан ч энэ бүхэн талаар болж, 19,6 сая ам доллар салхинд хийсч, үнсэнд булагдан үрэн таран болох дээрээ тулчихаад байна.

“Хуавэй технологи” компанийн гүйцэтгэж буй энэ төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамны харъяа хот хөдөөгийн 2 ба 3-р шатлалын 48 эмнэлэгт программ хангамжийг бүрэн нэвтрүүлэх ёстой байсан ч “Их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болж, хариуцсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандсан “Метронетворкс”-ын цагаандаа гарсан үйлдлийн уршгаар ажил унаж, асуудал даамжирснаар барахгүй өөрсдийн хийхээр авсан ажлаа шат шатандаа амжилттай байгаа мэтээр ярьж, буруу ташаа мэдээлэл түгээж, бодит үнэнийг нууснаар шийдвэр гаргах түвшний хүмүүсийг төөрөгдөлд оруулж, эмнэлгийн дарга, удирдлагуудад дарамт шахалт үзүүлсээр... Тэд “Мэтронэтворкс”-ийг ажлаа хийнэ хэмээн итгэж, найдан ажил хүлээлцэх актанд гарын үсэг зурсаар, хүлээсээр л....

        Төлөвлөсөн ёсоор төслийн хэрэгжих хугацаа өнгөрөгч 2016 оны 12 сарын 31-ний өдөр дуусах байсан ч 48 эмнэлгийн дөнгөж 16-д нь ажил ор нэр төдий эхэлж, гүйцэтгэл нь ердөө хорьхон хувьд хүрээд таг гацаж, талийж унтрав. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр “Цахим эрүүл мэнд” төсөл таг гацаж, бүр царцав.  

Аргаа барсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Хуавэй технологи” компанид 2016 оны 09 сарын 13-ний өдөр хүргүүлсэн албан даалгавартаа нэр бүхий 20 эмнэлгийн программ хангамжийг 2016 оны 10 сарын 31-ний дотор нэвтрүүлж дууссан байхыг даалгаж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан ч төслийн туслан гүйцэтгэгч гэх “Метронетворкс” аанай л “Нүдэн балай, чихэн дүлий” хөшсөн хэвээр...

Хүний амь аврах, эдгэж эмчлэх ажил байнга цаг нартай уралдаж, чин сэтгэл, үнэн зүтгэл шаарддаг. Тэр ажлыг илүү үр дүнтэй, шуурхай, хурдтай байлгахад туслах ёстой “Цахим эрүүл мэнд” төсөл ингэж царцсанаас болж хэчнээн амь эрсдэж, хэдэн хүн хорвоог орхиж байгааг тоолоход бэрх.

Өвчин өршөөж, үхэл хүлээхгүй гэдгийг мартаж, яст мэлхийн хурдаар ажлаа хийсэн болж оромдож, төслөө хэрэгжүүлсэн болж хэлбэрдэж байгаа хүмүүст ашиг олох нь чухал болохоос ажил хийх нь гол биш болоод удаж байна. 48 эмнэлгийн дөнгөж 16-д нь төсөл хэрэгжиж эхэлсэн гэх ч хориодхон хувийн гүйцэтгэл нь нэмэр тус биш нэрмээс хорлол болж цахим болох ёстой үйлчилгээ цаас нэмсэн үйлдэл болон хувирчээ.




Хөлдөж царцсан, хөгжлийн бэрхшээлтэй хагас дутуу мэдээллийн систем дутуу гуцуу ажилласнаас болж түрүүчээсээ зарим эмнэлэг даатгалын сангаас авах ёстой мөнгө нь хэдэн арван саяар дутаж, эмч ажилтнуудын толгойны өвчин нэгээр нэмэгдсэн сураг ч дуулдаж байна.


Сүлжээний доголдол, системийн сэгнээс болж өмнө нь цахимд шилжээд байсан 142 өрхийн эмнэлгүүд ч эргээд цаасан зуданд өртөж, эмч нар нь ажлын ачаалалаас үүдэн уур уцаартай байх болж.

Эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах, ачааллыг хөнгөлөх эрхэм зорилготой ч эсрэгээр үйлчилгээнийх нь “амийг таслаж”, үйлчлүүлэгчдийнх нь эрхийг нь зөрчих хэмжээнд хүртлээ дампуурсан энэ төслийг ийм байдалд оруулсан гол буруутан нь мөнөөх л Метронетворкс компани юм.

3-р шатлалын томоохон эмнэлгүүд болох Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Цахим эрүүл мэнд” төслийн ажил эхлэх нь байтугай ажиг  сураг ч алга.

Төслийг гурилдаж, төрийг хулхидаж даварсан “Метронетворкс” “...Ажлаа хугацаанд нь дуусга...” гэсэн Эрүүл мэндийн сайдын шаардлагыг дуулаагүй юм шиг таг дүлий, мэдээгүй юм шиг тас сохор өнгөрүүлж байгааг юу гэх вэ?

Боломж өгөөд байхад ажлаа хийдэггүй, хугацаа нь дуусаад байхад хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа энэ компанийг ингээд эрхлүүлээд байх нь зөв гэж үү?

Царцаж удааширсан, цаг барж хөшсөн “Цахим эрүүл мэнд”  төслийн хүрээнд хийгдэх энэхүү програм хангамжийн нэвтрүүлэлт “Үнэхээр хангалтгүй” хэрэгжиж байна гэдэг дүгнэлтийг эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлийн технологийн үндэсний компаниудын нэгдэл “MИТАМ” ТББ сүүлийн 4 сарын турш хэлж сануулсаар байгаа юм.

Үхэр тэрэгнээс ч дор хурдаар үлгэн салган явсаар эцэстээ шаварт сууж шалдаа унан доройтсон “Цахим Эрүүл мэнд” төсөл хэрэгжинэ гэдэг хэтэрхий хоосон үлгэр болжээ.

Монголоо гэсэн сэтгэлтэй, хийсэн ажил хэлэх үгтэй мэргэжлийн хүмүүс, дотоодын мэдээллийн технологийн компаниудын дүгнэснээр бол дээрх мэдээллийн системд нийтлэг сул тал ч нэлээд байгаа аж. Наад зах нь Мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс эмнэлэг хоорондын мэдээллийн уялдаа, нэгдмэл байдал огт байхгүй, мэдээллийн аюулгүй байдал хангагдаагүй, гадны хандалтыг хянах боломжгүй гээд сул тал тун их гэнэ. Мөн тус програм асар их ачаалал авч, дамжлага ихтэй ажилладгаас өндөр хүчин чадалтай компьютер шаардагддаг, хэрэглэгч уг программыг ашиглах, сурахад хэцүү гээд асуудал эхнээсээ ундрах төлөвтэй. Хэрэглэгч тус бүрийн компьютерт аппликейшн программ суулгадгаас ажиллагаа ихтэй, тайлангийн төрлийг сонгох боломж хязгаарлагдмал гээд хүндрэл бэрхшээл захаас аван замаар дүүрэн...

19,6 сая ам доллар гэдэг тоглоом биш. Монгол төгрөгөөр бол 47 тэрбум төгрөгийн зээл гэдэг их тоо. Зээл болохоос тусламж биш, өр болохоос өглөг биш гэдгийг хэн хүнгүй санаж, хэдий хөнгөлөлттэй ч гэлээ хожим улсаараа төлөх “Цахим эрүүл мэнд” төслийн “царцсанг” гэсгээж, эмгэг алдааг нь эртхэн шиг “эмчлэн засахад” төр засаг, түмэн олон анхаарах цаг хэдийнэ болжээ.

Төсөл хэрэгжүүлж байна гэж хэлбэрдэж түрийвчээ түнтийлгэгчдээс одоо л ангижирахгүй бол оройтох нь.

“Амь сүнсгүй”, арга ядсан мэдээлийн системээр ард түмнээ хуурах эрх хэнд ч байх ёсгүй.

Ажил унагаж ард түмнийг хохироосон, ээдрээ эргэлзээтэй увайгүй үйлдлээр эрүүл мэндийн салбарыг хохироосон “Метронетворкс”-д төр төмөр нүүрээ үзүүлж, түмэн олон үнэнийг шаардах цаг болжээ.

47 тэрбум төгрөгөөр гараа угааж, авилгал хээл, хахууль хүртэл өгч тарьсан хэргээ аргалах гэж байгаад баригдсан, энэ хэрэг нь одоо ч шийдэгдээгүй үргэлжлүүлэн будлиан хутгасан гээд гай дуудсан бусармаг маш олон үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох эзэн бий гэдэгт итгэнэм.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компаниудын нэгдэл “MITAM” ТББ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ