Ховд аймагт сүүлийн 2 жил дараалан ихэр ботго мэндэлж байна.



Ховд аймагт сүүлийн 2 жил дараалан  ихэр ботго мэндэлж  байна. 2016 оны хавар Зэрэг сумын Эхэн багийн малчин Галсанбатын Хүрэн ингэ ихэрлэж байсан бол  энэ хавар Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Хөөдөөгийн Нямсүрэнгийн  3 настай ингэ ихэрлэлээ.  Монголчууд эртнээс нааш Ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн  билэгдэл хэмээн дээдэлж ирсэн. Тийм ч учраас  аймаг, сумын удирдлагууд малчин Х. Нямсүрэнгийнд зочилж, ингэн тэмээ, ихэр ботгонд нь хүндэтгэл үзүүллээ.






Х. Нямсүрэн 15 жил тэмээ маллаж байгаа туршлагатай малчин. 2001 оны зуданд хамаг малаа алдан хүндхэн нөхцөлд байхад нь түүний аав Хөөдөө нь 7 ботготой ингэ таслан өгч, өсгөн үржүүлж яваарай хэмэн ерөөлөө хайрласан байдаг.  Тэр л цагаас эхлэн малчин Х.Нямсүрэн байгаль цаг агаарын эрс тэс нөхцөлд тэмээн сүргээ өсгөн үржүүлж, сум багийнхаа тэмээн сүргийн бүтцийг сайжруулахад анхаарч, тууштай зүтгэсэнийхээ үр шимийг ийнхүү хүртэж байна. Тэрээр  Баянхонгор аймгийн Баяндэлэг сумаас сүүний чиглэлийн, хавтгайн удамт буур, Говь-Алтай аймгийн Шарга сумаас хос зогдоротой буураар сүргийнхээ бүтцийг сайжруулан, ашиг шимийг нь хүртэн явна. Аавынхаа өвлүүлж өгсөн  7 ботготой ингээ өдгөө 80 гаруйд хүргэн  өсгөн үржүүлж, жил бүр 30 гаран ботго хүлээн авдаг гэнэ. Х. Нямсүрэн нь ихэвчлэн уулархаг бүс нутагт тэмээн сүргээ маллаж,  өсгөн үржүүлж яваа хашир туршлагатай малчдын нэг юм.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ