Монголбанкны хянан шалгагч Л.Дүгэрсүрэн:Мөнгөн тэмдэгтээ хайрлан хамгаалъя.




Монгол улсын шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан энэхүү богино хугацаанд  хувь хүний зохисгүй хэрэглээнээс болж мөнгөн тэмдэгт муудаж гэмтэн дахин ашиглах боломжгүй болж байна. Энэ нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийг хайр гамгүй эдэлж, зориулалтын хэтэвч саванд хадгалаагүйгээс үүсч байдаг. 

Үүнээс шалтгаалан муу мөнгө их хэмжээгээр ялгагдан, утсгалд орж байна. Мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, нууц хийц металл утсыг сугалах, дугаарыг арилгах, ариг гамгүй ашиглах, бага насны хүүхдээ мөнгөөр тоглуулах, дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг хэрэглэхдээ хаашаа ч хамаагүй чихэж их хэмжээгээр муутгах сөрөг үзэгдэл гаргасаар байгаа билээ. 

Иймд нийт ард иргэд та бүхэнд чанар хийцийн өндөр түвшинд их өртөг, зардлаар гадаад оронд захиалгаар хийж бүтээгдэж байгаа мөнгөн тэмдэгтийг ариг гамтай зөв ашиглаж, хүн бүр мөнгөний түрийвчтэй болон мөнгөө үргэлж цэвэр цэмцгэр, зүй зохистой, соёлтой ашиглахыг уриалж байна.

Таны гар дээр бэлнээр байгаа аливаа мөнгөн тэмдэгтүүд бол оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулж олсон хөдөлмөрийн үнэлэмжийн нэгээхэн хэсэг учраас үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын мөнгөн тэмдэгтээ зөв зохистой ашиглахад зориулж дараах санамжийг хүргүүлж байна. 

Үүнд:
1. Биедээ буюу гэр байрандаа их хэмжээний бэлэн мөнгө авч явах буюу удаан хадгалахаас татгалзах 
2. Бэлэн мөнгийг гэр орон байрандаа зориулалтын сейф саванд хадгалж сурах
3. Таны дотны үнэнч туслагч болсон банкны байгууллагатай харьцаж бэлэн мөнгөө хадгаламж болон харилцах дансандаа байршуулах буюу төлбөр тооцооны бэлэн бус хэлбэрүүдийг ашиглаж сурах
4. Улсын мөнгөн тэмдэгтийг цэвэр, үзэмжтэй, удаан хугацаанд соёлтой хэрэглэж сурахын тулд гар дээр байгаа бэлэн мөнгийг зориулалтын хэтэвч саванд хийж хадгалж сурах
5. Улсын мөнгөн тэмдэгтийн нууцлалтай холбоотой мэдээллийг сайтар судалж энэ талын сурталчилгааг сайн хийж байвал хуурамч буюу хүчингүй мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж байгаа зальт этгээдүүдийг илрүүлэх талаар иргэний үүргээ нэр төртэй биелүүлэх
6. Та эдгээр санамжийг амьдралдаа хэрэгжүүлж чадваас танд учирч болох байгалийн болон гэнэтийн осол аюул, гал түймэр, усны үер, салхи шуурга, хулгай дээрэм зэрэг эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж чадна. 

Муу мөнгийг таних шинж тэмдэг:
• Их хэмжээгээр хиртсэн, элэгдсэн өнгө зүсээ алдсан, 
• Дэвсгэртийн гуравны нэгээс дээшгүй хэсэг гэмтсэн /урагдсан, цоорсон, тасарсан, тасарсныг эргүүлж наасан/, 
• Будаг, тос, бэх, бичээс болон бусад төрлийн бодис тогтсон,
• Галд шатаад гуравны хоёроос доошгүй хэсэг үлдсэн,  
• Металл утас сугарсан гэх мэт зарим нууц хийц гажуудсан эдгээр шинжийг агуулсан мөнгийг муу мөнгө гэж үзэн гүйлгээнд гаргалгүйгээр арилжааны банкны аль ч салбаруудад сайн тэмдэгтээр саадгүй солиулах боломжтой. 
Хүчингүй мөнгөн тэмдэгтийн шинж тэмдэг:
• Дэвсгэртийн гуравны нэгээс илүү хэсэг нь үгүй болсон
• Хоёр өөр дэвсгэрт наагдсан
• Олон хэсэг болон тасарч, тэдгээрийг эвлүүлэхэд нэг дэвсгэрт мөн биш нь ялгагдахгүй болсон
• Хуурамч байж болзошгүй
• Дэвсгэртийн тоо, үсэг, зураг, хэмжээ, өнгө зэрэг бүхэлдээ өөрчлөгдсөн бол банк сольж өгөхгүйгээр хураан авахыг харилцагч иргэд мэдэж байх нь зүйтэй.
Иргэд, харилцагч та бүхэнд техник технологи өндөр хөгжсөн энэ цагт  хүссэн газраасаа, хүссэн цагтаа өөрийн мөнгөн хөрөнгөө удирдах АТМ,  Мобайл банк, Интернэт банк, банкны салбар нэгж дээр болон Худалдаа үйлчилгээ, Шатахуун түгээгүүрийн газарт байрлах пос терминал машин гэх мэт банкны бэлэн бус төлбөр тооцоог ашиглаж хэрэглэдэг болсноор бэлэн мөнгөтэй шууд харьцах,  эрсдэл хүлээлгүйгээр , цаг хугацаагаа хэмнэх боломжтойг дахин сануулъя. 

Иргэн бүр мөнгөн тэмдэгтийг хайр гамтай, цэвэр цэмцгэр, үзэмжтэй ашиглах нь та бидний улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийн нэгээхэн хэсэг гэдгийг ухамсарлаж байх нь зүйтэй.

МОНГОЛБАНКНЫ ХОВД САЛБАР

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ