Тайваний Засгийн газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр 740 сая төгрөгний өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өгөх ёслол Ховд аймгийн БОЭТөвд боллоо. Тус үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д. Галсандондог, Засаг даргын орлогч Ш. Батсүх, Нийгмийн бодлого хөгжлийн хэлтсийн дарга Б. Гантөмөр, ЭМГ-ын дарга Ц. Мягмарсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С. Дорж, БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр нар болон Тайваний Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Яамны харьяа Тайбей эмнэлгийн дарга, Тайваны Олон улсын Эрүүл мэндийн сургалтын төвийн Зөвлөх Hsu, Chin-Chih, Тайваны Төвд Монголын хорооны Монголын асуудал хариуцсан дарга Dung, Yao-Shu, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Яамны харьяа Тайбей эмнэлгийн Олон улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн захирал, Тайваний Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны Эрүүл мэндийн удирдлагын хэлтсийн захирал, Олон улсын Эрүүл мэндийн сургалтын төвийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Chen, Ying-Ru тэргүүтэй Тайваны төлөөлөгчид оролцлоо.
Ховд аймгийн БОЭТөвд 2012 оноос өнөөдрийг хүртэл 2 гемодиализын аппаратыг өндөр ачаалалтай ажиллуулдаг байсан бол дахин 2 аппарат нэмэгдүүлснээр бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд УБ хотруу зардал гарган явахгүй, орон нутагтаа оочир хүлээж цаг алдахгүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Урьд нь тус тасагт зэргэлдээх Увс, Баян-өлгий аймгуудаас бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд ирж эмчлүүдэг байсан бол Увс аймагт "Гемодиализийн тасаг" шинээр нээгдсэнээр уг өвчнөөр өвчилсөн ард иргэд өөрийн аймагтаа чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо. Ховд аймгийн БОЭТ нь "Гемодиалезын төв"-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна Тайваны Тайбей эмнэлэгтэй хамтран ажиллах “ЭГЧ ДҮҮС” эмнэлгийн гэрээнд гарын үсэг үзэглэв. Ингэснээр бүс нутгийн эмч мэргэжилтнүүдийг Тайваны Тайбей эмнэлэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцож цаашид олон талаар хамтран ажиллах юм.