17-р жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 17 сум 91 багаас мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж 37 малчин “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа. Аймгийн аварга 37 малчны 2 нь Манхан сумаас шалгарсан бөгөөд нэг нь Зэрэг гол багийн малчин Магсарын Лхавгасүрэн юм. Тэрээр 8-р ангиа төгсөж илгээлт өвөрлөн малчин болсоноос хойш өдгөө 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд түүний аав нь "Улсын чанарын аварга малчин" болж байжээ.
17-р жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр "Аймгийн аварга малчин" цол хүртсэн малчин бол Манхан сумын Баянгол багийн малчин М. Батсүх юм. Түүний хувьд 30 гаруй жил мал маллаж, сүүлийн 5 жил сумандаа ямааныхаа тоо толгойгоор тэргүүлж байна. Тэрээр 2011 онд "Сумын аварга малчин"-аар шалгарч байсан бөгөөд сүүлийн 4 жил дараалан 1000 гаруй толгой мал мал тоолуулж "Мянгат малчин"-аар шалгарчээ. Тэгвэл энэ сайхан амжилт ололтоо аймагтаа үнэлүүлж ийнхүү "Алтан унжлагат" хэмээх тахиа жилийн сар шинийн босгон дээр "Аймгийн аварга малчин" цол хүртлээ.