УИХ-ын гишүүн О.Батнасан намрын чуулган завсарлаад тойрогтоо ажиллаж байна. Тэрээр хоёрдугаар сарын 13-22-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллах юм. Энэ үеэрээ ард иргэдтэйгээ уулзан төрийн бодлого шийдвэрийг хүргэхээс гадна иргэдийн санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгах буюу ирэх чуулганаар хэлэлцэгдэх Мал амьтны эрүүл мэндийг дэмжих тухай хуулийн төсөлд малчид, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилготой. УИХ-ын гишүүн О.Батнасангийн хувьд Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд ажиллаж байгаа. Намрын чуулганы хугацаанд тэрээр Хилийн тухай хууль болон Дотоодын цэрэг, Цагдаагын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахад гар бие оролцлоо.
Тэрээр зудын нөхцөл байдалтай байгаа сумдад НҮБ-ын үзүүлсэн тусламж үйлчилгээг ард иргэдэд гардуулан өгөх болон Булган сумын нутгийн зөвлөлөөс цуглуулсан хандив болох 20 гаруй сая төгрөгийг нутгийн иргэдэд хүлээлгэн өгөөд байна. Мөн түүнчлэн тойргийнхоо 70-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Орон нутгийн иргэдийн хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон малын түүхий эдийн үнэ бага байгаа нь хүндрэлтэй тусч байгаа төдийгүй ажлын байр хомс байгаа зэрэг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэдгийг ихээр хэлж байгаа юм. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн О.Батнасангийн хувьд цаашид анхаарч ажиллахаа онцолж байлаа.