Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг 1 дүгээр сарын 31-нд Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд ажиллаж сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗД-ын орлогч Ш.Батсүх, аймгийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Одонпүрэв болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд ажилласан байна. Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчид болон төрийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өмнөх уламжлалт шинж чанарыг хадгалахын зэрэгцээ иргэдийн санал бодол дээр тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хурдацтай, илүү дэвшилттэй болгож шинэ түвшинд хүргэх, цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, олон үндэстэн, ястны өлгий нутаг Ховдын ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө ажиллаж эхлээд байна хэмээгээд аймгийн ИТХ-ын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, ИТХ-ын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шинэ санал санаачлага болоод 2016-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, зорилго чиглэлийн талаар илтгэл танилцуулав.
Үүний дараагаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсний дараагаар дарга удирлагууд иргэдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Энэ үеэр мөрийн хөтөлбөртэй холбоотой асуулт санал хүсэлтээ хэлсэн сумдын төрийн албан хаагчид болон иргэд, хөдөлмөрчид энэхүү уулзалтанд талархаж буйгаа илэрхйилэн ирэх 4 жилд тавьсан зорилтоо ажил хэрэг болгон амжилттай ажиллахыг хүслээ.
Энэхүү уулзалтын дараагаар Ховд, Эрдэнэбүрэн сумдын удирдлагууд ажлын хэсгийг Нутгийн удирдлагын ордондоо хүлээн авч уулзан 2016 онд хйиж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар болон цаашид сумандаа хйиж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, өвөлжилтийн талаар мэдээлэл хийсэн байна. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хйиж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тус 2 суманд тулгамдаж буй зарим нэгэн ажлыг тусгасан байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн 2016 онд хуралдсан аймгийн ИТХ-ын II-р хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж иргэдийн санал бодлыг сонсох үүднээс аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын 2 хэсэг Ховд аймгийн 16 сумдад ажиллаж байна.