Ховд их сургуулийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах ажил 2016 оны 09 дүгээр сарын 05-наас эхэлсэн бөгөөд 32 хүн таван хэсэгт хуваагдан дөрвөн сарын туршид боловсруулсан байна. Уг хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөөр 2017-2022 онд ХИС-ийг хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны чадавх, сургалтын бодлого, төлөвлөлт, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ХИС-ийн засаглал, санхүү, сургалтын орчин, мэдээллийн технологийн хөгжил гэх мэт тэргүүлэх чиглэлээ тодорхойлжээ. Тэргүүлэх чиглэл тус бүрт зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх стратегиудыг тодорхойлон шалгуур үзүүлэлтүүдээр өнөөгийн түвшинг үнэлэн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хүрсэн байх үр дүнг гаргасан байна.
Хэлэлцүүлэгт ХИС-ийн Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө” боловсруулсан зарчим, аргазүй, үйл явц, хийгдсэн ажлууд, стратегийн бүтэц, бүрдэл хэсгийн талаар Д.Түвшинбат, Стратегийн тэргүүлэх чиглэлүүд болох “Эрдэм шинжилгээ, судалгааны чадавхи”-ийн талаар доктор Ч.Мөнхбаяр, “Сургалтын бодлого, төлөвлөлт”-ийн талаар доктор О.Мөнхжаргал, “Нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр”-ийн талаар доктор Ц.Оюун, “Засаглал, санхүү, сургалтын орчин”-ы талаар Н.Батжаргал нар танилцуулж, сонирхсон асуултуудад нэмэлт тайлбар өгсөн юм.
ХИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХӨГЖИЛД ҮҮРЭГ, РОЛЬ ГҮЙЦЭТГЭХ, ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НӨӨЦ, БОЛОМЖОО СИСТЕМ ТӨЛӨВЛӨЛТТЭЙГЭЭР БҮРЭН АШИГЛАХ, ДОТООД ПРОЦЕССЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙХ гэсэн үзэл санаан дээр тулгуурлан боловсруулсан. Ирэх жилүүдэд Ховд их сургууль “АЛТАЙН БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ, ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ ЧАДВАРТАЙ, ТӨЛӨВШСӨН МЭРГЭЖИЛТЭН, СУДЛААЧДЫГ БЭЛТГЭЖ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ЗАГВАРЧЛАГЧ СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БАЙНА” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон. Мөн ХИС-ийн эрхэмлэх үнэт зүйлүүд нь Тасралтгүй хөгжлийг эрхэмлэгч, Ёс зүйг эрхэмлэгч, Хамтын ажиллагааг эрхэмлэгч, Манлайллыг эрхэмлэгч, Чанарыг эрхэмлэгч байх юм. Алсын хараагаа “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛСЭН БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР САЛБАРУУДЫН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ЧАДВАР БҮХИЙ СУДАЛГАА, СУРГАЛТЫН ТЭРГҮҮЛЭГЧ ИХ СУРГУУЛЬ БОЛНО” хэмээн тодорхойлсноо ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана энэ үеэр онцолсон юм.
ХИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөний төслийг нийт багш, ажилчдад танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлыг нь сонслоо. Ийнхүү Ховд их сургууль 2017-2022 он хүртэлх Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгний төслийн хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа.
Г.Энхжаргал