"МОНГОЛ УР ЧАДВАР"-2017 уралдаанд амжилттай оролцсон багш сурагчдад хүндэтгэл үзүүллээ.


Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Германы хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "МОНГОЛ УР ЧАДВАР-2017"  ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш, суралцагчид амжилттай оролцсон талаар бид урьд нь мэдээлсэн. Тухайлбал: Багш С.Батаагийн бэлтгэсэн суралцагч Ц.Долгормаа оролцсон төрөлдөө 1-р байранд шалгарч Дэлхийн Ур Чадвар-2017 уралдаанд оролцох эрх авч, бэлтгэсэн багш Батаа  "ехреrt" багшаар шалгарсан. Харин Багш Ч.Очир, н.Эрдэнэбаатар нарын бэлтгэсэн н.Жадам-Эрдэнэ, н.Батбуян нар уралдаандаа амжилттай оролцож 4-р байр, 6-р байранд шалгарсан байна.  Аймаг орон нутгийнхаа нэрийг улсад гаргаж улмаар дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргах эрх авсанд нь баяр хүргэж аймаг орон нутгийн удирдлагууд, сургуулийн захиргаа, хамт олон нь  хүндэтгэл үзүүллээ.  Улсын уралдаанд амжилттай оролцсон  Багш С.Батаа, суралцагч Ц.Долгормаа нарт Дэлхийн Ур чадвар-2017 уралдаанд оролцоход нь дэмжлэг болгож аймгийн Засаг дарга тус бүр 500 мянган төгрөгийн шагнал олгосон бол сургуулийн захиргаанаас мөн мөнгөн шагнал, цалингийн нэмэгдэл олгож, өргөмжлөл гардууллаа. Энэ үеэр тус сургуулийн багш, суралцагчдыг улсын уралдаанд амжилттай оролцоход нь хамгийн их дэмжлэг болж ажиллаж байгаа Рубин Цийллерийг Ховд аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшуулсаныг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулж баяр хүргэлээ.  Мөн  багш Ч.Очирыг Жаргалант сумын "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг  Жаргалант сумын засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон гардуулж баяр хүргэлээ. Ховд Хөгжил Политехник коллеж нь 130 гаруй багш ажилчид, 1000 гаруй суралцагчтай. Техникийн, мэргэжлийн боловсрол, сургалт явуулаад 70 гаруй жил болж байгаа томоохон сургуулийн нэг. Тус сургуулиас аймаг улсдаа нэрээ дуурсгасан олон арван шилдэг тэргүүний мэргэжилтэй боловсон хүчнүүд бэлтгэгдэн гарч байгаа бөгөөд суралцаж буй мэргэжлийн боловсролоороо, ур чадвараараа дэлхийд өрсөлдөхөөр болж байна. Дэлхийн ур чадвар-2017 уралдаан ирэх 7-р сард Арабын Абудабид болно. Багш С.Батаа суралцагч Ц.Долгормаа нар  бэлтгэлээ сайтар хангаж Монгол улсынхаа нэрийг гарган уралдаандаа амжилттай оролцохоо хүндэтгэлийн арга хэмжээний үеэр илэрхийллээ.  














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ