Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 05 ны өдрийн Б/28-р тушаалаар Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирал Д.Баярмааг 2017 оны 01-р сарын 05 ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б/29-р тушаалаар Ховд аймаг Хөгжил Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Тумагийн Дэлгэрсайханыг 2017 оны 01-р сарын 06 ны өдрөөс эхлэн томилжээ. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын тушаал, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын албан тоотын дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр тус коллежийн захирлын ажлыг албан ёсоор хүлээлцлээ. Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Т.Дэлгэрсайханы хувьд дунд сургуулийн багшаас эхлээд сургуулийн эрхлэгч, захирал, аймгийн Боловсрол, Соёлын газрын дэд дарга, дарга хийж байсан төрийн ажлын, мөн зарим төсөл хөтөлбөр, Төрийн бус байгууллагад ажиллаж байсан ажлын дадлага, туршлагатай. Тэрээр 70 гаруй жилийн түүхтэй, 130 орчим багш ажилчидтай, 1000 гаруй оюутан суралцагчидтай, одоогоор баруун бүс нутагтаа дипломын болон мэргэжлийн боловсрол олгодог шаталсан сургалт явуулж буй томоохон сургуулийн эрдэмтэн багш нартай нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж, сургалтын болон бусад үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, салбартаа гаргаж байсан ололт амжилтыг нь улам бүр ахиулан ажиллахаа илэрхийллээ.