ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНААС АНХААРУУЛЖ БАЙНА.


• Бусдын өмч хөрөнгийг хулгайлсан этгээдийн талаар та цагдаагийн байгууллагад үнэтэй мэдээлэл өгвөл худалдаж авах бөгөөд тэр этгээд өөр төрлийн хулгай хийхээс урьдчилан сэргийлэх буянтай үйлс болно гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй.
• Гадагшаа удаан хугацаагаар явж гэр орноо эзэнгүй үлдээх тохиолдолд хөрш айл болон хамаатан садан, найз нөхөддөө захиж явах, үнэтэй эд зүйлээ айлд болон зориулалтын газар хадгалуулаарай.
• Хувийн байшин гэрийнхээ хаалганд нууц цоож хийх нь хулгайчаас эд зүйлээ хамгаалах бүрэн боломжтой.
• Гадагшаа гарахдаа салхивчаа хааж дотроос нь түгжиж байгаарай. Сэжигтэй санагдвал гинжин түгжээгээ шургуулаад хаалга онгойлгох хэрэггүй.
• Гэр хороололд амьдардаг бол гэрийн тооно, хаалга, хатавч байшингийн хаалга, цонхоо сайтар бэхлэн цоожилж яваарай.
• Гэр эзгүйд танихгүй хүн, таньдаг найз нөхөд байсан ч сэжигтэй санагдвал гэртээ үлдээхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
• Малтай айлууд хэд хэдэн соргог нохой тэжээвэл малаа хулгайд алдахаас сэрэмжилж чадна. 
• Та албан контороо цоожгүй бүү орхиорой. Таны сонор сэрэмжгүй байдлыг ашиглан компьютер, принтер, гар утас, утасны аппарат зэргийг хулгайлж болохыг анхааруулж байна. Мөн үнэтэй хувцас, эд зүйлээ ажлын байрандаа үлдээн хаалгаа онгорхой орхиж болохгүй.
• Их хэмжээний мөнгийг гэртээ байлгалгүй банкинд хадгалуулаарай. Их хэмжэний мөнгө төгрөгтэй яваагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхаарна уу.
• 21 нас хүрээгүй хүнд болон согтуу хүнд архи согтууруулах ундаа худалдаалж болохгүй.
• Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулахыг хориглоно.
• Тамхинаас бүрмөсөн татгалзъя. Тамхинд хорт хавдар үүсгэх чадвартай 43 нэр төрлийн бодис байдгийг санаарай.
• Бусдын эд хөрөнгө болон өмчлөлд нь байгаа зүйлийг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн цааш нь дамжуулж болохгүй гэдгийг анхаарна уу. Энэ нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг болно.
• Авто машиндаа эд зүйлээ бүү орхиорой. Мөн авто машинаа зориулалтын бус газар бүү орхиорой.
• Та зах болон худалдаа үйлчилгээ, олон нийтийн газраар явахдаа цүнх, мөнгө, гар утас зэрэг эд зүйлээ сайтар хямгадаж явна уу. Анхаарлаа нэг зүйлд хэтэрхий төвлөрүүлснээс сонор сэрэмжээ алдуузай. Хулгайч нь архи үнэртүүлж, согтуу хүний дүрд хувирч явахаас гадна зарим тохиолдолд цэвэрхэн хувцасласан, соёлтой, төлөв даруу хүний дүр эсгэн явдгийг бүү мартаарай. Тэд ямарч насных байж болно шүү.
• Хулгайн эд зүйл худалдан авч хохирохоос болгоомжилж хаанахын ямар чингэлэг, лангуу, хүнээс авснаа тодорхой мэдэж байх нь чухал.
• Хэн нэгэн таны анхаарлыг зориуд сарниулах гэж юм асуух, ямар нэг байдлаар машинаас тань буулгахыг оролдвол яаран буухгүй байхыг анхааруулъя.
• Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд аюултай.
• Орой үдшийн цагаар ганцаар аль болох хүн ихтэй, гэрэлтүүлэгтэй газраар явж байхыг анхааруулж байна. Энэ нь таны амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалж, эд хөрөнгөө хулгайд алдах, булаалгахаас урьдчилан сэргийлэх болно.
• Иргэн та гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээрэй.
• Хүүхдүүд үнэтэй утас, эд зүйлс хэрэглэж байгаа нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт өртөж хохирох шалтгаан болж байгаад анхаарах хэрэгтэй. 
• Явган зорчигч хүүхдүүд чихэвчний хөгжим сонсох, мессеж бичих гэх зэргээр анхаарал сарниулах үйлдэл хийж зам хөндлөн гарахгүй байх.
• Бага насны хүүхдүүдийг өөрсдийн хараа хяналтаас гадуур орхихгүй байх нь таны хүүхэд гэмт халдлагад өртөх, бусдад уруу татагдах, гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлнэ.
• Банк, хадгаламж касснаас их хэмжээний мөнгө авч яваа иргэд өөрсдийн унаагаар эсвэл хөлсний тэргээр явах, автобус болон хүн ихтэй газраар явахгүй байхыг анхааруулъя.
• Гадаадын иргэд, жуулчид валют, мөнгө, зургийн аппарат, камер зэргээ үүргэвчид болон биедээ ил зүүж явдагаас халдлагад өртдөг тул харъяалах иргэд байгууллага, жуулчны хөтөч та бүхэн тэдэнд анхаарал болгоомжтой байхыг урьдчилан сануулаарай.
• Гэрт үлдсэн хүүхэд хөгшдийг мэхэлж, итгэл олох замаар гэрийнхний нэрийг барин эд хөрөнгийг авах буюу хулгайлж байгааг анхаараарай. Танихгүй хүнд хаалга нээж өгөхгүй байхыг хүүхэд, хөгшиддөө захиж анхааруулаарай. Залилагч этгээд байж болзошгүйг бүү мартаарай.
• Утсаар танихгүй хүнтэй болгоомжтой харьцаж, өөрийн мэдээллээ өгөхгүй байхад анхаарч, гэр, ажлын хаягаа бүү зааж өгөөрэй.
• Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдахгүйг хичээж, хэрүүл, маргаан үүсгэхэээс зайлсхийх, аль болохоор хүн багатай болон гэрэлтүүлэггүй гудамж, талбай, орцонд ганц нэгээрээ явахгүй байх, зам хөндлөн гарахдаа болгоомжтой гарах, аль болох гарц, гэрлэн дохиотой газраар гарах, таксинд суухдаа доторх хүмүүс, авто машины номер, дугаарыг нь сайн харж суух, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, дуудлагын жолоочийн үйлчилгээ авахад анхаараарай.
• Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн найз, нөхөддөө анхаарал тавьж, ганцааранг нь явуулах буюу орхихгүй байх, ар гэрт нь хүргэж өгөх, эсвэл гэр бүл, хамаатан саданг нь дуудан заавал хүлээлгэж өгөөрэй.

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ