Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ, ЗДТГ-ын захиалгаар Хот төлөвлөлтийн хүрээлэн 2014-өөс 2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Тус хүрээлэнгээс хийж гүйцэтгэсэн Орон сууцны хороолол, Хувийн сууцны хороолол, Инженерийн шугам сүлжээ, Соёл урлаг, спортын цогцолбор төвүүд, хотын төвийн болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийг багтаасан цогц төлөвлөгөөг хүлээлцлээ.
Төвөөсөө алслагдсан аймаг хөгжихөд хүндрэлтэй асуудал олон тулгардаг хэдий ч Ховд хот нь Ази Европыг холбосон зам харилцааны тэнхлэг, бүс нутгийн гол тоглогч болж, эх газрын боомт хот болон хөгжих өргөн боломжтойгоос гадна олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын олон талт хамтын ажиллагааны төв болох боломжтой хэмээн үзэж байгаа юм байна.
Түүнчлэн Ховд хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг бодитоор тусгаж өгснөөрөө онцлогтой болжээ. Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцэх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрал нарын аймгийн удирдлагууд болон бусад хэлтэс агентлагын дарга, мэргэжилтнүүд оролцсон байна.