“Шинэ жил”-ийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй, онцгой албан татварын тэмдэггүй, гар дээрээс худалдаалагдаж байгаа архи согтууруулах ундааны зүйл болон пиротехникийн хэрэгсэл, салют, бенгалын галыг илрүүлэх зорилгоор зохион явагдаж байгаа “Шинэ жил” ерөнхий арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баруун бүсийн төв зах, Их буян зах болон архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийж, тогтмол хяналт тавин ажиллаж байна. Уг хяналт шалгалтын хүрээнд зөвшөөрлийн бус цэгт зарж байсан 60 шил шампанск, 12 ширхэг вино, тамхины болон согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг тус тус хураан авч, мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ оногдуулжээ. Мөн иргэдийг нэг зүйлд анхаарлаа хэтэрхий төвлөрүүлэн эд зүйл, мөнгө төгрөгөө хулгайд алдахаас сэрэмжлэх зорилгоор санамж, сэрэмжлүүлэг тараан өгч ажиллаж байна. “Шинэ жил” арга хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 02 хүртэл үргэлжилнэ гэж Аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.