Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд,Залуучуудын газраас “ХҮЧ ЧАДАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ЗОРИУЛАГДААГҮЙ!” уриан дор олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийг татан оролцуулах, хүний эрхийн зөрчил, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор Политехник коллеж, Ховд их сургуулийн НХУС-ийн эрэгтэй оюутнуудын төлөөлөл, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдүүдийн төлөөлөл гээд 200 гаруй залуучуудад “Хайр хүчирхийллийн дэргэд цэцэглэдэггүй” сэдэвт сүүдэр - ший жүжгийг шинэлэг сонирхолтой байдлаар амжилттай зохион байгууллаа.
Мөн “Эрчүүд бид хүчирхийллийг ЗОГСООЖ чадна !!!" “Хүн бүрт заяамал эрх бий" сэдвийн хүрээнд нээлттэй Жендэрийн тэгш эрх ба шударга ёс, хүний эрхийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт Хөгжил Политехник коллеж, Ховд их сургуулийн НХУС-ийн эрэгтэй оюутнууд, гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөл болсон нийт 150 хүүхдүүд хамрагджээ.
Үүнээс гадна 2016 оны 12-р сарын 2-3 ны өдрүүдэд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдааны үеэр Ховд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, аймгийн удирдлагууд гээд нийт 100 гаруй хүн "ХҮЧ ЧАДАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ЗОРИУЛАГДААГҮЙ! ЦАГААН ТУУЗТАНЫ АЯН"-Д нэгдэж "Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй" гэсэн хөдөлгөөнийг дэмжиж байгаагийн илэрхийлэл болсон "Цагаан тууз"-ыг энгэртээ зүүлээ.