Ховд аймагт орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 95 жил, Сургалт арга зүйн байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ховд аймгийн боловсролын салбарт сургалт арга зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт, үзэсгэлэн зэргийг аймгийн Боловсрол, Соёл,урлагийн Газар энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Одоогоос 60 жилийн тэртээх 1956 оны 1-р сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолоор Улаанбаатар хот, Архангай, Дорнод, Ховд аймагт сурган хүмүүжүүлэх ухааны кабенит байгуулагдаж анхны сургалт арга зүйн байгууллага үүсэж байсан түүхтэй. Тиймээс боловсролын салбарт шинэ ахиц дэвшил гарган өрнүүн их амжилтыг бүтээлцсэн энэхүү байгууллагын 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Боловсрол, Соёл урлагийн газраас олон арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь Ховд аймагт сургалт арга зүйн байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал хүндэтгэлийн концерт юм. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга М.Пүрэвхүү нарын албаны хүмүүс болон боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн багш, ажиллагсад, ахмад буурлууд болон сурган хүмүүжүүлэгч багш нарын төлөөлөлүүд оролцлоо.
Баярын хурлыг Аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг нээж хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, сурган хүмүүжүүлэгч багш нарт болон тус салбарт ажиллаж байсан үе үеийн нийт ажиллагсдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. 60 жилийн ойн баярыг ийнхүү ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа нь Ховд аймгийнхаа боловсролын салбарт өөрийн хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулан шилдэг суут эрдэмтэн мэргэд, эмч доктор профессор, алдтартан гавьяатнуудыг төрүүлэн гаргасаныг тодотгон өгч, ахмад үеийнхний түүхэн гавьяаг дурсан тэмдэглэж, залуу хойч үеийнхэндээ тус салбарын түүхэн замнал амжилт ололтыг сурталчилж буй явдал юм.
Энэ үеэр хөгжлийн түүчээ болсон нийгмийн тэргүүлэх боловсролын салбарт буюу Ховд аймгийн боловсролын салбарт бодит хувь нэмрээ оруулан олон жил ажиллаж тус салбарыг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөр зүтгэл,оюун ухаанаа зориулж ирсэн ахмад буурлууд, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй үе үеийн шилдэг тэргүүний багш ажилчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал: МУ-ын ЗГ-ын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУ-ны жуух бичиг, Ховд аймгийн хүндэт тэмдэг, Ховд аймгийн Засаг даргын өргөмжлөл, болон БСУГ-ын "Эрхэм үйлстэн" тэмдэгээр шагнаж урамшууллаа. Мөн Жаргалант сумын Засаг даргын өргөмжлөлөөр нэр бүхий хүмүүсийг шагнасан байна.