УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын I ээлжийн сургалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөн, оролцогчид сертификатаа гардан авлаа. Тус ээлжийн сургалтанд аймгийн ИТХ-ын болон Жаргалант, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд сумын нийт 112 Төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон байна. 2 өдрийн сургалтын төгсгөлд зохион байгуулагчид Нутгийн өөрөөр удирдах байгууллагыг чадавхжуулах асуудалд хэрхэн анхаарах, хөдөө орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдийн хувьд төр ард түмний гүүр болон төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэх явцад ямар асуудал тулгамддаг талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Аймаг сумын олон төлөөлөгчид юун түрүүнд энэ сургалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон ялангуяа анхлан сонгогдсон төлөөлөгчдөд чухал үр дүнтэй сургалт болсоныг хэлээд цаашдаа багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах, тэдний ажлын урамшуулал, цалингийн хэмжээг нэмэгдүүлж идэвхи санаачилгыг нь нэмэгдүүлэх шардлагатай байгааг онцолж байлаа. Энэ талаар ч аймгийн ИТХ, түүний ажлын албанаас анхаарч зохих байгууллагад нь уламжлан шийдвэрлүүлж ажиллахаа илэрхийллээ.