Ховд аймгийн Булган сум нь Алтайн өврийн сумдын нэг бөгөөд уул, тал, говь хосолсон 810500 км.кв газар нутагтай, статистик тоогоор 2275 өрх, 10000 орчим хүн амтай бөгөөд зэргэлдээх Үенч сумын Улиаст, Жаргалант, Цагаан түнгэ багуудын иргэдийн ихэнх нь, Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэд, хүчний байгууллагуудын томилгоот албан хаагчид, хилийн цэргийн 5 сумын шалган зэргийн иргэдийг оролцуулбал 12000-12500 орчим хүн суурьшин амьдардаг байна. Тус сумын иргэд мал аж ахуй, газар тариалан, үйлчилгээний салбаруудыг голлон эрхэлдэг бөгөөд 2016 оны хагас жилийн мал тооллогоор тэмээ 1920, адуу 9226, үхэр 26580, хонь 48698, ямаа 154839, бүгд 241263 толгой мал тоолуулсан байна. Тус сумын уулархаг нутаг, түүний салбар уулс зэрэг газруудад жилийн жилд цас их хэмжээгээр унаж 1944 оны зудаас хойш хэд хэдэн удаа зуд болсон байдаг. Тухайлбал:1982-1983, 1996-1997, 2000-2001, 2009-2010 онуудад цас их унаж зуд болсоны улмаас тус сумын иргэд удаа дараа амьжиргааны гол эх үүсвэр болох мал сүргээ зуданд алдаж байжээ. 2009-2010 онд 12 дугаар сарын 27-ноос их хэмжээгээр олон удаа цас орж, хүний хүчин чадлаас давж 4-р сарын дунд хүртэл урт хугацаагаар зудлан 100000 гаруй мал сүргээ алдаж байсан гашуун сургамж бий.
Энэ жилийн тухайд мал сүрэг тарга тэвээрэг сайн авч иргэд өөрсдийн нөөц бололцооныхоо хирээр хадлан хураан авсан ба Статистик тоогоор 23154 тн хадлан авсан бөгөөд онцгой байдлын нөөцөд 5000 ширхэг перес, 90 тн хивэг, 60 тн хорголжин тэжээл, Тамгын газарт 700 ширхэг пересийн нөөцтэй байна. Ийм хэмжээний бэлтгэл хангасан боловч энэ жилийн цас зуд урд жилүүдээс 30-45 хоногийн урд их хэмжээгээр орж байгаа тул бэлтгэсэн өвс хадлан хүрэлцэх бололцоогүй учраас цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж орон нутгаас үзэж байна. 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нийт 9 удаа нойтон цас үргэлжлэн орсоны улмаас зудын байдалд ороод байна.
Цагийн байдлыг үнэлэн үзэж сумын Засаг дарга Б.Амгаланбадрахаар ахлуулсан ажлын хэсэг зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсээд байна. Аймгийн Онцгой комисст асуудал тавьж сурагчдын хичээлийг 7 хоногоор хойшлуулах шийдвэр гаргуулжээ. Мөн зам гаргах , холбоо барихад зориулж туулах чадвар бүхий унаа 2-ыг аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн байна.
Үүссэн нөхцөл байдал нь сумын дотоод хүчин чадлаас давсан учраас цаашид:1.Зуднаас гарах хугацаа урт байгаа тул өвс тэжээлийн асуудалд анхаарах
2.Малчид малаа цөөлөн нядалгаанд олон мал оруулж байгаа тул тэдний махыг улсын нөөцөд авч борлуулахад туслах
3.Зарим аж ахуйн нэгж, байгууллагууд ялангуяа айл өрхүүд түлшний хомсдолд орж болзошгүй учраас Хөшөөтийн уурхайгаас хямд үнээр нүүрс татаж, хангахад туслах
4.Зам гаргах, мэдээлэл холбоо тогтоох, цасанд боогдсон мал, хүнийг татаж авах зэрэгт шаардагдах шатахууны асуудлыг шийдвэрлэх
5.Зам гаргахад туслах зорилгоор АЗЗА-гийн автогрейдир, ковшийг сумын Онцгой комиссын мэдэлд түр шилжүүлэх
6.Эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангах зорилгоор өндрийн шугамын мэргэжлийн монтер Үенч сумаас татаж байнга ажиллуулах
7.Сумын Нэгдсэн эмнэлгийн санхүүжилт хүрэлцэхүйн улмаас эргэлтийн эмийн санд 15 сая төгрөгийн өр үүсэж цаашид хүндрэх төлөвтэй байна. Иймд хүн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэн өр барагдуулах, бензиний лимитийг нэмэгдүүлэхэд анхаарахыг улсын онцгой комисст сум орон нутгийн удирдлагууд хүсэлт болгон уламжлаад байна.