Ховд аймгийн Булган, Үенч,Алтай сумдад өвөлжилт хүндэрч зарим өрхийн мал сүрэг бэлчээрт гарах боломжгүй болжээ.


Өнөөдрийн байдлаар /2016.11.17-ний 08.00 цаг/ Алтай сумын нутгаар тал газраа 23 см, гуу жалга, уулархаг газраараа 23 - 30 см, Үенч сумын нутгаар тал газраа 28 – 30 см, гуу жалга, уулархаг газраа 50 – 60 см, Булган сумын нутгаар тал газраа 39- 40 см, гуу жалга, уулархаг газраа 60 – 70 см зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын температур өдөртөө 10 градус дулаанаас 11 градус хүйтэн, шөнөдөө 3 -28 градус хүйтэрч, Алтайн салбар уулсаар 18 – 20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч мал сүрэг бэлчээрт гарах боломжгүй болж байгаа юм  байна. 



Булган сумын  Онцгой  комиссын өргөтгөсөн хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хуралдаж  сумын нийт  нутаг дэвсгэрийн хэмжээнд цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүссэн тул “Гамшгийн байдалд шилжүүлэх тухай” шийдвэр гаргаж, өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу сумын төвөөс 45-90 км алслагдсан Баянгол багийн Тошилт, Жаргалт, Цөө, Баянголын ам гэдэг газар харилцаа холбоогүй тусгаарлагдсан 129 хүн, 29900 толгой малд туслах, сэрэмжлүүлэг хүргэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор сумын Онцгой комиссын дарга, Засаг дарга  Б.Амгаланбадрах ахлуулсан ажлын хэсэг 48 км замын цас цэвэрлэн зам гарган 11 цаг явж Баянголын ам гэх газар өвөлжиж байгаа малчин Д.Гэрэлчулууныд очиход  цасны  зузаан   40-50 см   болсноор  цааш нь явах боломжгүй болж хоноглосон байна. Машин очих, утас холбоо барих боломжгүй Жаргалт, Тошилт, Цөө гэдэг газар өвөлжөө бууцтай 8 айлын сураг гаргаж чадахгүй, дахин цас орвол зам хаагдах магадлалтай байна.




Үенч суманд 2016 оны 11 сарын 09-ийн өдөр орж эхэлсэн цас 17-ын өдөр хүртэл 8 хоног үргэлжилэн орж сумын төвдөө 28-35 см, уулархаг газраа 40-70 см хүртэл зузаан цас тогтоод байна. Үүний улмаас сумын төвөөс багуудруу явах техникийн хөдөлгөөн бүрэн зогсож, эрүүл мэндийн дуудлага, үйлчилгээг хүргэж чадахгүйд хүрч, Жаргалан, Улиаст, Нарийн гол багийн зарим малчдын мал хотноосоо гарч чадалгүй 2-3 хонож байна. Уг цас нь Нарийн гол багийн Харгайтын бэлчирээс Цагаан түнгэ багийн Хорт чиглэлд буюу сумын дунд сугаар илүү их орж зузаан тогтоод байна. Улиаст багт 25 суурьт 20,000 орчим мал өвөлжиж байна. Цасны зузаан 30-60 см байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсний улмаас 2 хоногийн өмнөөс эхлэн малчид малын сууриа буулгаж малыг эздүүдэд тараан өгч эхлээд байна. Зарим малчид  малаа бэлчээрт гаргаж чадахгүй гэрийн гадаа өвсөөр тэжээж байна. Улиаст багийн хамгийн эхний малчин өрх сумын төвөөс 90 км зайтай бөгөөд зам хаагдаж тээврийн хэрэгсэл очиж чадахгүй байна. 
Жаргалан багийн хувьд 24 суурьт 25610 мал өвөлжиж байгаа бөгөөд цас ихээр орж өвөлжилт хүндэрсэн Шаазгайт, Хар дав, Суургын чиглэлд 11 суурт 9400 мал, 21 малчин байна. Үүнээс 5 суурь буюу Телубай, Масилам, Розбек, Мансуурь, Хурматбек зэрэг малчдын 5200 орчим мал бэлчээртээ гарч чадахгүй байна.
Нарийн гол багт 30 суурьт 30,000 орчим мал өвөлжиж байна. Үүнээс Жаргалан, Тарги, Дэрстэй, Цагаан чулуут, Байшинт чиглэлд цас ихээр унаж хөдөлгөөн зогсоод байна. Тарги, Жаргалан чиглэлийн малчин Ц.Баатархүү, Д.Өнөржаргал, Д.Мөнжаргал, Б.Батцэрэн, М.Арслан, М.Адууч  нарын мал бэлчээртэй гарч чадахгүй 2-3 хонож байна. Сумын хэмжээнд 70 гаруй суурьт 60,000 гаруй мал, 200 гаруй малчин хүнд нөхцөл байдалд ороод байгаа тухай мэдээтэй байна. Цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан дээрх сумдын алслагдсан багийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байгааг анхаарах нь чухал болж байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ